Шүүгчид 40 хувиар илүү ачаалалтай ажиллаж байна
2018-10-01

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр зохион байгуулдаг "Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр (2018.10.01) боллоо. Хэвлэлийн бага хурлын үеэр "Шүүгчийн ачаалал” сэдвээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн О.Зандраа, "Шүүгчийн ажлын ачаалал тодорхойлох судалгаа” хийсэн багын судлаач, хуульч Г.Цагаанбаяр нар мэдээлэл хийлээ. Мөн "Хэргийн хөдөлгөөний удирдлагын төв”-өөс иргэд ямар мэдээлэл авах боломжтой талаар Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн референт Б.Билгүүн сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

 

Шүүгчийн ажлын ачааллыг танилцуулав

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн захиалгаар "Хөгжлийн санаачилга бодлого судлалын төв” нийслэлийн 6 дүүргийн эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүх, нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх, сум дундын эрүү, иргэний анхан шатны шүүхүүдэд шүүгчийн ажлын ачааллыг тооцох судалгааг анх удаа хийжээ.

 

Шүүгчийн ажлын ачааллыг танилцуулав

 

Шүүхийн захиргааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д зааснаар шүүгч болон шүүхийн захиргааны ажилтны ажлын ачааллыг судалж, холбогдох арга хэмжээ авах, тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэн эрх гэдгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн О.Зандраа мэдээллийн эхэнд тодотгосон юм. Тэрбээр "Хот болон хөдөө орон нутагт ажиллаж байгаа шүүгч нарын ажлын ачаалал тэнцвэртэй биш байгаа. Шүүгчийн ачааллыг тэнцвэржүүлэх шаардлага байгаа. Тиймээс Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгч нарыг томилолтоор ажиллуулж байна. Судалгааны явцад шүүгчийн ажлын ачаалалтай холбоотой нарийн тоон мэдээллүүд гарсан. Судалгааны дүнг ажил хэрэг болгож ажиллана. Шүүгчийн орон тоо дутуу байгаа нь шүүн таслах ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. Жишээ нь баруун аймгуудад давж заалдах шатны шүүх хуралдаан хийхэд бүрэлдэхүүн хүрдэггүй. Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн шүүгч нар томилолтоор ажиллаж байгаа” гэлээ.

 

Шүүгчийн ажлын ачааллыг танилцуулав

 

"Хууль эрх зүйн хөгжлийн хүрээлэн” ТББ-ын хуульч, судлаач Г.Цагаанбаяр "Нийслэлийн 6 дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэг шүүгчид 310 хэргийг шийдвэрлэхэд 323 өдөр зарцуулж байгаа нь ачаалал харьцангуй ихтэйг харуулж байна. Шүүгч жилд 230 өдөр ажиллана гэж үзвэл 93 өдрөөр ажлын ачаалал илүү байгаа бөгөөд үүнийг ажлын өдөр болон амралтын өдөр ажиллаж нөхөж байна. Илүү ажиллаж буй 93 өдөр нь ажлын 744 цаг болж байгаа бөгөөд шүүгч жилд 1840 цаг ажиллах ёстой гэж үзвэл 40 хувиар илүү ачаалалтай ажиллаж байна” гэдэг мэдээллийг өглөө.

 

      Судалгааны баг судалгааны үр дүнд үндэслэн дараах дүгнэлт, зөвлөмжийг гаргажээ

 

  • Эрүү, иргэн, захиргааны анхан шатны шүүхийн хувьд аль алинд нь ачаалал их байгааг харгалзаж, наад зах нь УИХ-аас тогтоосон шүүхийн ажиллавал зохих орон тоонд хүргэж ажиллуулах, мөн шүүгчийн орон тоог нэмэгдүүлэх, иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн орон тоог 40 хүртэл хувиар нэмэгдүүлэх шаардлага байна.

 

  • Судалгааны явцад шүүгч нарын зүгээс ажлын ачааллыг нэмэгдүүлж буй хүчин зүйлд шүүгчийн туслах, шүүхийн нарийн бичгийн даргын ажлын байрны тогтвор суурьшил ба ур чадвар нөлөөлдөг гэж үзсэн. Энэ нь тухайн ажилтны цалин нийгмийн баталгаатай холбогдох учраас эдгээр ажилтны орон тоо, цалин, нийгмийн баталгааг хангахад анхаарах шаардлагатай.

 

  • Шүүгчийн ажлын ачааллыг нэмэгдүүлэхэд хэргийн оролцогч талуудаас нотлох баримт гаргаж өгөхгүй байх ажиллагаа нөлөөлж байна. Иймээс хэргийн оролцогч буюу талуудаас нотлох баримтыг хуульд заасан хугацаанд гаргаж өгөхгүй байгаа байдалд анхаарал хандуулж, хууль тогтоомжийг боловсронгуй болгоход анхаарах шаардлагатай.

 

  • Шүүгчийн ажлын ачаалалд хэргийн оролцогч талуудаас шүүх хуралдааныг хойшлуулах байдлаар ачааллыг нэмэгдүүлж байна. Иймээс ШЕЗ-өөс тухайн асуудлыг нарийвчлан судлах шаардлагатай.

 

  • Судалгааны явцад шүүгчийн ачаалал төдийгүй, шүүхийн туслах, нарийн бичгийн ажлын ачааллын асуудал давхар хөндөгдөж буйтай холбоотойгоор ажлын ачааллын судалгааг цаашид бусад шүүхийн тамгын газрын нэгжүүд дээр хийвэл зохино.

 

 Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн ажлын ачааллын хувьд:

 

  • Судалгаанд хамрагдсан 6 дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэг шүүгчид жилд 73.4 хэргийг шийдвэрлэхэд 229 өдөр зарцуулж байгаа хэвийн ачаалалтайг судалгаа харуулж байгаа, мөн эрүүгийн хэргийн шүүгчид жилд 75 хэрэг шийдвэрлэхэд ачаалал хэвийн байна гэснээс үзвэл Монгол улсын хэмжээнд нэг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 75 хэрэг шийдвэрлэдэг байхаар ажлын ачааллын норматив тогтоох боломжтой байна.

 

  • Судалгаанд хамрагдсан 6 дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид ногдох хэргийн тоо харилцан адилгүй байгаа тул ажлын ачааллыг тэнцвэржүүлж аль болох нэг шүүгчид 75 хэрэг ногдох байдлаар ачааллыг хуваарилах шаардлагатай.

 

 Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн ажлын ачааллын хувьд:

 

  • Судалгаанд хамрагдсан 6 дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэг шүүгчид 310 хэргийг шийдвэрлэхэд 323 өдөр зарцуулж байгаа нь ачаалал харьцангуй ихтэйг харуулж байна. Шүүгч жилд 230 өдөр ажиллана гэж үзвэл 93 өдрөөр ажлын ачаалал илүү байгаа бөгөөд үүнийг ажлын өдөр болон амралтын өдөр ажиллаж нөхөж байна. Илүү ажиллаж буй 93 өдөр нь ажлын 744 цаг болж байгаа бөгөөд шүүгч жилд 1840 цаг ажиллах ёстой гэж үзвэл 40 хувиар илүү ачаалалтай ажиллаж байна.

 

  • Иймд шүүгчийн орон тоог нэмэгдүүлэх шаардлагатай байгаа ба тухайлбал 6 дүүрэгт шүүгчийн орон тоог 31-ээр нэмэгдүүлэх тооцоолол гарч байна.

 

 Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн ажлын ачааллын хувьд:

 

  • Монгол Улсын Их Хурлын 2016 оны42 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 20 орон тооны шүүгч ажиллахаар баталсан боловч өнөөг хүртэл 5 шүүгчийн орон тоо дутуу ажиллаж байна. Иймээс тус шүүхэд батлагдсан орон тооны шүүгчийг дээрх тогтоолд заасны дагуу томилох; Шүүгчийн орон тоо дутуу байгаатай холбоотойгоор шүүгч нарт улирлаас хамаарсан ачаалал үүсч байгаа тул энэхүү ачааллыг бууруулахын тулд дээр дурдсан шүүгчийн орон тоог нэмэх талаар анхаарах шаардлагатай.

 

  • Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд (Улаанбаатар) нэг шүүгчид 50.5 хэрэг ногдож байна. Энэ хэргийг шийдвэрлэхэд ажлын 215.8 ажлын өдөр болж байна.

 

  • Судалгаанд хамрагдсан Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 47 хэрэг буюу нэг шүүгчид 15.66 хэрэг шийдвэрлэсэн /нийтдээ 67 ажлын өдөр зарцуулдаг/ байна. бол Өвөрхангай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 27 хэрэг буюу нэг шүүгчид 9 өдөр /нийтдээ 38.45 ажлын өдөр зарцуулдаг байна/ хэрэг шийдвэрлэсэн үзүүлэлттэй байна.

 

  • Судалгаанд хамрагдсан орон нутгийн шүүхүүд Төв болон Өвөрхангай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчидтэй харьцуулахад харьцангуй ачаалал багатай байгаад дүн шинжилгээ хийж, Улаанбаатар хот болон орон нутгийн шүүгчийн ажлын ачааллыг тэнцвэржүүлэхэд анхаарах шаардлагатайг танилцууллаа.
Shuud.mn
Сонин хачин
авдаг цалин болон хаахууль чинь 40 байгугай илүү хувь ажиллахад хангалттай, олон юм гоншигнох хэрэггүй, АВИЛГАЧ ...сданууд минь
2018-10-01
зочин:
шүүх ачаалалтай ажилладаг ч шударга биш байгаагаа хүлээн зөвшөөрч, хэлэх хэрэгтэй ш дээ
2018-10-01
зочин:
цалингаа нэмүүлэх нь дээ хашрууд хэ хэ хэ
2018-10-01
Зочин:
Солиороойрой үүгч гуай. Та нар төрийн алыыг хийгээд багш нараас 400 хувьих цалин авч байгаа шүү. 1-р ангид:: сурагч суулгачихаад хэдэн төгрөгийн цалин өгдөг гдгийг бодоорой доо, улаан авилгач минь...
2018-10-01