Сэрэмжлүүлэг: "Код чинь хэд вэ" гэхэд та хариулдаг уу
2018-10-02
Гэрэл зургийг MPA.mn

 

Манай улсад 2017 онд цахим орчноос үүдэлтэй 299 гэмт хэрэг бүртгэгдсэн бол энэ оны эхний 6 сарын байдлаар 279 гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж, энэ төрлийн гэмт хэргийн гаралт өссөн байна. Энэ тоо зөвхөн цагдаагийн байгууллагад албан ёсоор бүртгэгдэж, шалгагдсан тоо баримт гэдгийг анхаарах хэрэгтэй. Албан бусаар үүнээс ч их байхыг үгүйсгэхгүй. Тэгвэл цахим гэмт хэргийн дийлэнхийг насанд хүрээгүй хүүхдүүд үйлдэж байна.

 

Тэд хөрөнгө чинээтэй, эрх мэдэлтэй, олны танил хүмүүсийн цахим хуудсын нууц үг, кодыг хуулж аваад тухайн хаягаар нь нэвтэрч, танил дотно харилцаатай хүмүүс рүү нь зурвас илгээж, тусламж гуйдаг байна. УИХ-ын гишүүн, эрх мэдэл бүхий удирдах албан тушаалтан хүн тусламж гуйхад татгалзах хүн ховор биз.

 

Бусдын фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч мөнгө залилан авч байсан бүлэг этгээдүүдийг Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагч нар илрүүлэн шалгаж байна. Холбогдогч этгээдүүдийн хувьд 17-20 насны залуучууд байгаа ба олон тооны иргэдэд онц их хэмжээний хохирол учруулж, иргэдийн фэйсбүүк хаяг болон интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг Brute-force халдлагаар олж авч ашиглаж байсан нь тогтоогдсон байна.Цаашид иргэд өөрийн мэдээллийн аюулгүй байдлыг хангаж нэвтрэх нэр, нууц үгээ нэг хийх, төрсөн он сар өдрөө хийх зэрэг нийтлэг алдааг давтахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулдаг.

 

Бас хохирогчид гэнэн байна. Цахим гэмт хэрэгтнүүдийн арга нарийсч үйлчилгээний газарт зөөгчийн дүрд хувирах болжээ. Ресторан, паб, цэнгээний газар, дэлгүүр зэрэг үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэхдээ, картаар тооцоогоо хийхдээ “Таны пин код хэд вэ” гэхэд хайхралгүй хариулчихдаг хүн цөөнгүй бий. Гэтэл нууц үгийг нь тэмдэглэж аваад картан дахь мөнгийг нь хууль бусаар авах тохиолдол цөөнгүй гардаг байна.

 

“Одооны хүүхдүүд айхтар” гэдэг үгийн утга орчин үед илүү үнэнд ойртож байна. Цахим гэмт хэргийг өсвөр насныхан ихээр үйлдэж байгааг албаны хүн хэлсэн. Гэмт бурууг нь нотлоод, шалгахаар “Миний хэргийг шийдэхэд чиний ухаан хүрэхгүй ээ” хэмээн хэгжүүрхэж суусан нэгэн ч байжээ.

 

23 настай охин байр түрээслэх нэрээр залилан хийж, иргэдийг хохироосон байгаа юм. Хуулийн байгууллагынхан шалгалтын ажиллагааг явуулж, зургаан удаагийн үйлдэлтэй болохыг нь тогтоожээ. Гэсэн ч анхны удаа юм,  жирэмсэн юм даа гээд “зөөлөн” шийтгээд явуулсан аж. Гэтэл 75 удаагийн үйлдэлтэйгээр буцаад ороод ирсэн тохиолдол гарчээ. Ёстой л ичих нүүр, цочир булчирхай алга.

 

Цахим орчинд иргэд мэдээллээ алдах олон эрсдэлтэй замууд байдаг. Нөгөө талаар үүнээс урьдчилан сэргийлэх, хамгаалах боломжтой олон янзын тохиргоонууд ч сошиал платформууд дээр байдаг. Үүнийг хувь хүн өөрөө сайтар эзэмших шаардлагатай. Дэлхийн банк, БСШУСЯ-ны хамтарсан судалгаагаар нийт сурагчдын 94 хувь нь фэйсбүүк ашиглаж, эцэг, эхээсээ илүү технологийн болон сошиал хэрэглээний мэдлэгтэй гэсэн судалгаа гарсан байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин