Боливи улсын ДАЛАЙД ГАРЦтай болох мөрөөдөл замхарлаа
2018-10-02

Боливи, Чили улс дунд үүссэн газар нутгийн маргаан өнгөрсөн XIX зуунаас эхлэлтэй. Хоёр улсын дундах маргааныг эцэслэх шүүх хурал Нидерландын Гааг хотын шүүх танхимд болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Боливийн эрх баригчид “1879-1883 хооронд дэгдсэн дайны үеэр манай газар нутгийн нэгээхэн хэсэг болох Номхон далайн эргийн бүс нутгаа Чилийн талд алдсан. Тэд өнгөрсөн хугацаанд уг бүсийг өөрийнх хэмээж, хэлэлцээр хийхээс татгалзсаар ирсэн” гэж мэдэгдэж, 2013 онд шүүхэд гомдол гаргасан юм.

 

Чилийн тал “Боливийг далайд гарцтай болгох бүс нутаг гаргаж өгөх асуудлаар тус улсын Засгийн газартай хэлэлцээр хийх үүргийг бид хүлээгээгүй” гэж уламжлав.

 

Өчигдрийн шүүх хуралд Боливийн Ерөнхийлөгч Эво Моралес биечлэн оролцжээ. Шүүхийн шийдвэрийн дараа тэрбээр “сэтгэл дундуур” буйгаа илэрхийллээ.

 

Боливи алдсан газар нутгаа эргүүлэн авч, улмаар далайд гарцтай болох асуудлаар 1978 онд Чилийн эрх баригчтай энхийн хэлэлцээр байгуулахыг хүсчээ. Тухайн үед хоёр улс зөрчилдөж, дипломат харилцаагаа тасалжээ.

 

Чили, Боливи улсууд 1820-оод оны үед Испанийн колоноос чөлөөлөгдснийнхөө дараахан газар нутгийн маргаан дэгдээж, 1879 онд дайтахад хүрчээ. 1884 оны дөрөвдүгээр сард Боливи, Чили улс харилцан дайнаа зогсоож, Боливийн цорын ганц далайд хүрэх гарц болох 380 орчим км эргийг Чили хүчээр газар нутагтаа нэгтгэжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин