Нэхэл дагуулсан НӨХӨН сонгууль
2018-10-03

Хэнтий аймаг дахь УИХ-ын 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгууль тодорхойгүй хугацаагаад хойшлоод байгаа.  Нөхөн сонгууль товыг тогтоосон УИХ-ын 62 дугаар тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн ҮХЦ түдгэлзүүлсэн. Тиймээс  УИХ-ын нөхөн сонгуулийн бэлтгэл ажил ч зогсонги байдалд хүрсэн билээ.

 

УИХ-ын нөхөн сонгууль явуулах тогтоолыг ҮХЦ түдгэлзүүлсэнд улс төрийн намууд шүүмжлэлтэй хандаж байгаа. Ялангуяа сөрөг хүчин АН болон МАХН, парламентад суудалгүй улс төрийн хүчнүүдийн үгээс “Цэцийн гишүүд МАН-ын даалгаврыг хэрэгжүүллээ. Цэц улс төржиж байна” гэсэн шүүмжлэл хэлж байгаа. Өчигдөр Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар дээрх ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцсэн.  Хуралдааны үеэр УИХ дахь АН-ын дэд дарга Б.Пүрэвдорж “Үндсэн хуулийн цэц үе үеийн эрх баригчдын өнгөн дээр шийдвэр гаргаж байна.  Хэнтий аймгаас удаа дараа сонгогдсон Ардын намын дарга У.Хүрэлсүх чинь ичих нүүрээ элгэндээ наагаад тэнд очиж чадахгүй байгаа учраас та нар Үндсэн хуулийн цэцтэй нийлээд аргацааж магадгүй. Тийм учраас сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг би өргөн барина. Ардын намыг сонгууль, сонголт, ард түмний өмнө үнэлгээ тавиулах цаг нь болсон” гэсэн нь эрх баригч хүчний гишүүдийн эсэргүүцэлтэй туллаа. Тэр дундаа ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авахгүй гэж АН, МАН ч ярьж байна. Өнөөдөр яагаад цэцийн гишүүд  МАН-д үйлчилдэг болчих воо. Баримттай ярих хэрэгтэй.  Сонгуулийн 2012 оны хууль бол  АН эрх барьж байх үедээ баталсан. Энэ үед төрийн албан хаагчид хязгаар тавьж, хориг тавьсан хууль баталсан. Гурван хууль нэгтгэсэн явдал буруу.  Одоо энэ алдаагаа залруулах хэрэгтэй. Өөрсдөдөө улс төрийн давуу байдал олгох гэж үүнийг хийсэн. Жаахан цадигтай байхыг та бүхэнд уриалъя. ҮХЦ-д МАН захиалчихлаа гээд гүтгэхээ боль. Б.Пүрэвдорж оо, чи жаахан даруухан байж үз. ҮХЦ-ийн гишүүдийг гүтгэхээ больчих” хэмээн ширүүхэн хэлсэн юм.

 

Дээрх асуудлаар ҮХЦ-д УИХ-ыг төлөөлсөн Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан “УИХ-ын тогтоол хууль зөрчөөгүй. Гагцхүү УИХ-ын нөхөн сонгууль явагдахад төрийн албан хаагч хэрхэн оролцох талаар тодорхой заалт байхгүй. Сонгуулийн хуулиар УИХ-ын ээлжит сонгууль болохоос  зургаан сарын өмнө төрийн албан хаагч ажлаасаа чөлөөлөгдөж болно” гэсэн заалт байгаа. Тиймээс бид нөхөн сонгууль зарлагдахад төрийн албан хаагч хэрхэн оролцох талаар УИХ-ын сонгуулийн хуулийн төсөлд заалт оруулахаар ажлын хэсэг ярьж байгаа” гэсэн юм.  ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэдгээ УИХ дахь АН, МАН-ын бүлэг илэрхийлээд байгаа. Тиймээс ч Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэхэд  ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авахыг дэмжээгүй.  Зарим гишүүдийн зүгээс  УИХ-ын сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж “төрийн албан хаагч сонгууль зарлагдсанаас гурван сарын өмнө, нөхөн сонгууль зарлагдсанаас сарын өмнө албан тушаалаасаа чөлөөлөгдөх заалт оруулъя” гэсэн саналыг гаргаж байлаа.

 

Өнөөдөр мөн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэх, энэ долоо хоногийн чуулганы хуралдаанд оруулах юм. ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авах эсэхээс үл хамаарч  Сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулах, нөхөн сонгуулийн товыг дахин зарлах асуудлыг УИХ шийдвэрлэнэ.

 

Ер нь энэ удаагийн Хэнтий аймагт болох УИХ-ын нөхөн сонгуулийг эрх баригчдад харш, бусад улс төрийн хүчинд эерэг хандлагатай явагдана гэж бусад улс төрийн хүчнүүд таамаглаж байгаа бол  эрх баригч хүчин МАН  Хэнтийн тойрогт явагдах нөхөн сонгууүльд бид ялах магадлал гэсэн мессэжийг өгч байгаа юм.

 

Өнөөдрийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа Сонгуулийн тухай хуулиар УИХ-ын нөхөн сонгууль ирэх зургадугаар сард товлогдон явагах заалттай. Тиймээс  энэ хугацаанд улс төрийн хүчнүүд ч Хэнтийн тойрогт “усалгаа хийх” нь гарцаагүй.

Н.Энхлэн 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ҮХЦ СЕХ УИХ ШУДАРГААР НӨХӨН СОНГУУЛЬ ЯВУУЛ !!!
2018-10-04
ХҮРЭЛСҮХ шударга бай !:
НӨХӨН СОНГУУЛИЙГ ЯВУУЛАХ ЁСТОЙ АРД ТҮМНИЙ ЭРХЭНД ХАЛДАХ ШААРДЛАГА БАЙХГҮЙ ХҮРЭЛСҮХ МАНАН БҮЛЭГЛЭЛИЙН ХЭСЭГ НОХОД ШУДАРГА БАЙХ ЁСТОЙ БАЙМААР БНА ХИЙХ ЧСТОЙ ЮМЫН ХИЙХ Л ЁТОЙ ! 17,000 ИРГЭДИЙН ХЭНТИЙЧҮҮДИЙН ЭРХ АШИГИЙГ БООЖ БОЛОХГҮЙ ШААРДАЖ БНА ТӨР ТӨР БИШ МАФИ БОЛЖ ТОД ХАРАГЛАЖ БНА НӨХӨН СОНГУУЛЬ ЯВУУЛ НЭГ БОЛ ЗАГАГ ОГЦОР !
2018-10-04