Туркт сураггүй болсон Саудын Араб сэтгүүлчийг амиа алдсан гэв

Саудын Арабын нэрт сэтгүүлч, шүүмжлэгч Жамал Хашогги өнгөрөгч долоо хоногт Туркийн Истанбул хотноо сураггүй алга болсон юм.
Туркийн цагдаагийнхан уг хэрэгт гол анхаарлаа хандуулан, сэтгүүлч эрийг өнөөг хүртэл эрэн хайсаар байна.
Тэгвэл "сэтгүүлчийг Истанбул хот дахь Саудын Арабын Консулын газар амиа алдсан" гэх мэдээллийг нэрээ нууцалсан Туркийн эх сурвалж "Вашингтон Пост" сонинд мэдээлжээ. Туркийн мөрдөгчид "Энэ бол санаатайгаар зохион байгуулсан хүн амины хэрэг. Уг хэргийг 15 гишүүнтэй нууц бүлэглэл үйлдсэн" гэж мэдэгдэв.
Сэтгүүлч эр өнгөрсөн мягмар гаригт Истанбул дахь Консулын газарт бичиг баримтын асуудлаар очоод, тэр өдрөөс хойш сураггүй болсон гэнэ.
Туркийн эрх баригчид Саудын Арабыг иргэнийнхээ аминд хүрсэн гэх байр суурьтай байна. Гэхдээ мэдээллийг Саудын Араб үгүйсгэж, "Сэтгүүлч тухайн өдөр Консулын газар ирсэн нь үнэн. Тэрбээр 1-2 цагийн дараа Консулын газраас явсан" гэж мэдээлжээ.
Жамал Хашогги эрх баригчдынхаа шийдвэрийг эрс шүүмжилдэг ба олон жилийн өмнөөс Саудын Арабын Тагнуулын ерөнхий газрын даргын зөвлөхөөр ажиллаж байсан аж.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ