Сэтгүүлчийн учир битүүлэг хэрэг Турк, Арабын дунд зөрчилдөөн үүсгэв
2018-10-09 11:55

Саудын Арабын сэтгүүлч Жамал Хашогги Туркийн Истанбул хот дахь Саудын Арабын Консул газарт очсоныхоо дараа сураггүй болоод буй юм. Сэтгүүлч эр амиа алдсан эсвэл ямар нөхцөл байдалд байгаа нь НУУЦ хэвээр байна. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган уг асуудлаар байр сууриа хүргэсэн талаар “www.washingtonpost.com” сайт мэдээллээ.

 

 

Ерөнхийлөгч Эрдоган “Саудын Арабын эрх баригчид Жамал Хашоггитай холбоогүй гэдгээ батлах хэрэгтэй. Түүнийг Консулын газраас явсан гэдгийг батлах баримтаа яг одоо нийтэд үзүүл. Байрны эргэн тойронд маш олон хяналтын камер бий. Та бүхэн эхний ээлжинд сэтгүүлчийг Консулын байр руу орсон бичлэг, дараа нь Консулын байрыг орхисон бичлэг үзүүлэх хэрэгтэй. Энэ бүхэн асуудалгүй гэж бодож байна” гэж хэлжээ.

 

Энэ сарын 2-нд сэтгүүлч эр турк эмэгтэйтэй гэр бүл болохоор шаардлага бичиг баримт бүрдүүлэхээр Истанбул дахь Консулын газарт очсон гэнэ. Туркийн хуулийнхан дээрх хэргийг шалгаж буй  юм. 

 

Туркийн хэвлэлээр өнгөрөгч амралтын өдөр “Жамалыг Консулын байранд байхад нь амийг нь хөнөөсөн. Тусгай баг 15 гишүүнтэй ба эрх баригчдынхаа заавраар аллага үйлдсэн” гэж мэдээлжээ.

 

Жамалын асуудлаас болж Турк, Саудын Арабын дунд маргаан үүсээд буй юм. Унгар улсад айлчлал хийж буй Эрдоган “Энэ хэргийн ард та бүхэн байвал зүгээр өнгөрөөхгүй” гэж хэллээ.

 

Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп амьд, үхсэн нь тодорхойгүй байгаа араб сэтгүүлчид санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Цагаан ордны тэргүүн “Энэ бүх учир битүүлэг хэрэг надад таалагдахгүй байна” гэв.

 

Жамал Хашогги Саудын Арабын эрх баригчдын явуулж буй бодлогыг эрс шүүмжилдэг ба 2017 оноос АНУ-д суурьших болжээ.

 

Сэтгүүлчийн дэмжигчид Истанбул дахь Саудын Арабын Консулын газрын урд СУЛЛА гэх лоозон барьцгааж, тайван жагсаал зохион байгуулсаар байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин