Төрийн албан хаагчдын тоог нэмж, хүүхэд хамгааллын зардлыг бууруулжээ
2018-10-10

 

УИХ 2019 оны улсын төсвийн төслийг хэлэлцэж байгаа. Ирэх онд төрийн албан хаагчийн цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэхээр төсөвлөсөн байгаа.  Төрийн албан хаагчид, тэр дундаа багш нар цалингаа нэмэгдүүлэхийг шаардан ажил хаялт ч зарлаж, тэмцсэн. Энэ хүрээнд гурван талт зөвшилцөл явагдаж, ирэх онд цалин, тэтгэврийг нэмэхээр улсын төсөвт тусгажээ.  Ирэх оны улсын төсвийн төсөлд цалингийн сан нийт 418.1 тэрбум төгрөгөөр нэмэхээр тусгажээ.  Бүх төрлийн тэтгэвэрийг  нэмэгдүүлэхэд 119.5 тэрбум төгрөг, нийгмийн халамжийн тэтгэврийг нэмэгдүүлэхээр тооцож нийт 21.2 тэрбум төгрөгийг нэмж тусгалаа. Ингэснээр нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр, тэтгэмж авч буй нийт 134.9 мянган хүний орлого сар бүр нэмэгдэх юм.  Ирэх онд нийгмийн даатгалын сангаас 1,086.0 мянган хүн тэтгэвэр, тэтгэмж авахаар байгаа нь энэ оныхоос 25.4 мянган даатгуулагчаар нэмэгдэхээр байгаа аж.

 

Түүнчлэн нийгмийн баталгааг хангах үүднээс хуулийн дагуу  өндөр насны тэтгэвэрт гарч байгаа төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжид 27.4 тэрбум төгрөг нэмж зарцуулахаар байгаа нь 2018 онтой харьцуулахад 36 хувиар нэмэгдэхээр байна.  Учир нь ирэх онд нийт 5.4 мянган албан хаагч төрийн албанаас тэтгэвэрт  аж.  Тиймээс төрийн албан хаагчдын тоо ирэх онд 2.1 мянгаар нэмэгдэхээр байгаа гэнэ.  Тиймээс орон тооны өөрчлөлттэй холбоотойгоор урсгал зардлыг 60.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгажээ. Орон тооны нэмэгдлийг шалтгаанаар нь авч үзвэл шинээр ашиглалтад орж байгаа сургууль, цэцэрлэгт 3,308 орон тоо, эмнэлэгт 543 орон тоо, гал унтраах аврах анги, эрэн хайх, аврах бүлэгт 264 орон тоо, хилийн боомтын үйл ажиллагааг өргөжүүлэхтэй холбоотой 141 орон тоо, Төрийн албаны 35 зөвлөлийн бүтцийг өргөжүүлэхтэй холбоотой 26 орон тоо нэмэгдэх юм байна.

 

Ийн ирэх онд Засгийн газраас төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэхээр төсөвлөсөн ч хүүхэд хамгааллын зардлыг танасан харагдана. Энэ онд хүүхэд хамгааллын зардалд нийтдээ 6.4 тэрбум төгрөг төсөвлөсөн.  Энэ  төсвийн зарцуулалтын эхний хагас жилийн тайланг харахад хүүхдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэгдээгүй,  төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа, сургалт семинар, тавилга авах зэргийг санхүүжүүлсэн нь олны шүүмжлэлд өртөөд байгаа. Тэр дундаа тавилга, тоног төхөөрөмж худалдан авахад 192 сая, өрийн бус байгууллагуудтай гэрээ, санамж бичгийн хүрээнд  525.8 сая төгрөг зарцуулсан хүүхдийн байгууллагын удирдлагуудад хариуцлага тооцох ёстойг ч сануулсан. Ерөнхийлөгчийн зүгээс ирэх онд хүүхэд хамгааллын чиглэлээр авах арга хэмжээний зардлыг энэ оны дүнгээс  нэмэгдүүлэхгүй ч багасгахгүй байхыг  анхааруулж байлаа. Гэвч 2019 оны төсвийн төсөлд   хүүхэд хамгааллын чиглэлээр авах арга хэмжээг 2.4 тэрбум төгрөгөөр  төсөвлөжээ. Энэ нь 2018 оныхоос гурав дахин багассан санхүүжилт юм. Төсөв боловсруулагчид  зардлыг хүүхдийн тоо, гэмт хэргийн гаралт зэрэг статистик үзүүлэлт болон хүүхэд хамгааллын үйлчилгээний хэрэгцээний судалгааг харгалзсаны үндсэн дээр тооцон гарсныг дурдсан байна. Тэгвэл энэ онд хүүхдийн эсрэг гэмт хэргийн гаралт буураагүй цагдаагийн байгууллагынхан сэрэмжлүүлж байгаа. Дээр нь хүүхэд хамгааллын чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр  дүнг ч олон нийтэд мэдрэгдээгүй. Хүүхэд хамгааллын арга хэмжээнд зарцуулах төсөв нь гурав дахин буурчихаад байхад хүүхдийн байгууллагын удирдлагууд ч таг чиг дуугаа хураагаад сууж  байгаа нь хачирхалтай.

 

Засгийн газар ирэх оны төсвийн төслийг өөдрөгөөр төсөөлөн оруулж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагсдад сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэмж олгохоор төсөвлөж, 41 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Харин хүүхэд хамгааллын зардал өмнөх оныхоосоо гурав дахин буурчихаад байна.

 

Ямартай ч ирэх оны төсвийн хэлэлцүүлгийн үеэр  хүүхэд хамгааллын арга хэмжээтэй холбоотой төсвийн зардлыг дахин авч хэлэлцэх биз.

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин