Т.Баярхүү: Сургуулийн захиралд хахуул өгсөн иргэнийг хорьсон
2018-10-11

Нэгдүгээр сургуулийн захирлыг цагдан хорьсонтой холбогдуулан АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүүгээс тодруулав.

 

 

 

-Нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнэ бусдаас хахууль авсан үндэслэлээр цагдан хоригдож шалгагдаж байгаа талаар мэдээлэл цацагдсан. Хахууль өгсөн иргэнийг бас цагдан  хорьсон гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү.

 

-Мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байгаа тул энэ талаар мэдээлэх боломжгүй байна. Харин сургуулийн захирал хахууль авсан асуудлаас тусдаа нэг зүйлийн талаар зайлшгүй хэлэх шаардлагатай байна. Сургуулийн захиралд хахууль өгсөн гэх үндэслэлээр нэр бүхий иргэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байгаа. Иргэд хууль, эрх зүйн мэдлэг дутмагаас болж ийм нөхцөл байдалд орж байна. Хахууль өгөх гэмт хэрэг нь гурван жил хүртэл хугацаагаар хорих хатуу ял шийтгэлтэй байдаг.

 

-Хахууль өгсөн, авсан хоёулаа адилхан ял шийтгэгдэх хуулийн зохицуулалттай болохоор энэ төрлийн гэмт хэрэг илчлэгдэхгүй байх шиг байна. Энэ зохицуулалтыг өөрчлөх боломж байгаа юу?  

 

-Шинээр үйлчилж байгаа Эрүүгийн хуулийн 22.5 буюу “Хахууль өгөх” гэмт хэрэг нь онцлог зохицуулалтай. Эрүүгийн хуулийн 22.5-ын 3 дахь хэсэгт “Хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж хахууль өгч, нийтийн албан тушаалтны хуулийн дагуу албаны чиг үүргээ гүйцэтгэж үзүүлэх төрийн үйлчилгээг авсан хүн энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн бол түүний авсан төрийн үйлчилгээг хэвээр үлдээж ялаас чөлөөлнө” гэж заасан. Энэ нь хэрвээ иргэн өөрөө хүсээд, санаачлаад, зохион байгуулаад төрийн албан хаагчид хээл хахууль өгч ажил хэргээ бүтээсэн бол хуулийн энэ зохицуулалтад хамаарахгүй. Харин албан тушаалтан төрийн үйлчилгээ үзүүлэхдээ тухайн иргэнийг хясан боогдуулж аргагүй байдалд оруулсан байхыг ойлгоно. Товчхондоо иргэн  тухайн төрийн үйлчилгээг авахын тулд албан тушаалтанд хахууль өгөхөөс өөр аргагүй нөхцөл байдалд орж хээл хахууль өгөх гэмт хэргийг үйлдээд, мөн  энэ тухайгаа сайн дураараа хуулийн байгууллагад илчилж, мэдэгдсэн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө гэсэн хуулийн зохицуулалт үйлчилж байгаа. Эрүүгийн хариуцлага хүлээхгүй байхын зэрэгцээ хахууль өгч авсан төрийн үйлчилгээг нь хэвээр үлдээнэ гэж тайлбарлаж болно.

 

-АТГ-ын энэ баривчилгааны дараа нийслэлийн зарим сургуулийн захиралтай холбоотой авлигын асуудлыг иргэд сошиалаар хөндөж байна. Тэд энэ тухайгаа илчлэх ёстой юм байна, тийм үү?

 

-Хүүхдээ нэгдүгээр ангид элсүүлэх, эсвэл сургууль шилжүүлэн сургах зорилгоор сургуулийн захирал болон бусад холбогдох албан тушаалтанд хахууль өгч асуудлаа шийдвэрлүүлсэн, эсвэл энэ талаар мэдээлэл байгаа бол АТГ-т мэдээллээ ирүүлээрэй гэж хүсч байна. Өөрөөр хэлбэл сургуулийн захирал, сургалтын менежер нь таныг хүүхдээ сургуульд элсүүлэхийн тулд  хахууль өгөхөөс өөр аргагүй нөхцөл байдалд оруулан хясан боогдуулах замаар хахууль авсан бол, мөн энэхүү үйлдлийг та сайн дураараа илчилж ирвэл таны авсан төрийн үйлчилгээ буюу хүүхдийг тань сургуульд нь хэвээр үлдээж танд ямар нэгэн эрүүгийн хариуцлага яригдахгүй гэсэн үг юм. Ийм учраас АТГ-т үнэн зөв мэдээлэл ирүүлж иргэний үүргээ биелүүлэх хэрэгтэй. Нийгэмд, хойч үед маань асар их аюул тарих авлигын хорт үзэгдэлтэй тэмцэхэд иргэн таны оролцоо маш чухал байна.

 

Ийм болоод удаж байна, одоо л мэдэж байгаа юм уу гэх мэт иргэдийн үзэл бодол илэрхийлсэн сэтгэгдэл нийгмийн сүлжээнд гарсныг харсан. “Бурууд нүд хурц” гэдэг үг байдаг. Нэгэнт яригдаад байгаа асуудал хууль бус гэдгийг мэдэж байгаа бол яагаад чимээгүй яваад байна вэ. Та иргэний үүргээ биелүүлж, аливаа хууль бус үйлдлийг таслан зогсоохын тулд гар бие оролцоно уу гэж уншигчдаас хүсч байна. Өгсөн, авсан 2-уулаа буруутаж байгаа үед хэрэг илрэхгүй гэх мэтээр олон нийтэд хуулийн зохицуулалтын талаар буруу ойлголт төрүүлж байгаа асуудал ч байна.

 

-Ер нь сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарыг авлигаас ангид байлгах тал дээр урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажил зохион байгуулж байна вэ?

 

-АТГ-аас нийслэлд 2018-2019 оны хичээлийн жилийн сургуулийн өмнөх буюу төрийн өмчийн цэцэрлэгүүдийн элсэлтийг Нийслэлийн боловсролын газар 100 хувь цахимаар зохион байгуулах болсонтой холбогдуулан Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12 дахь хэсэгт заасны дагуу цахим бүртгэл болон элсэлт, элсэлттэй холбоотой бусад үйл ажиллагаанд авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч, урьдчилан сэргийлэх шат дараалсан ямар арга хэмжээ авч ажиллах талаар зөвлөмж хүргүүлсэн.

 

Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд нийслэлийн төвийн дүүргүүдийн сургуулиудад харьяаллын дагуу элсэх элсэгчдийн тоон мэдээг бодитой гарган харьяаллын бус элсэлтийг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлж, боломжтой орон тоон дээр тодорхой шалгууртай нэгдсэн арга хэмжээний хүрээнд ил тод зохион байгуулах, энэ талаар олон нийтэд мэдээлэл хүргэж ажиллах зөвлөмж хүргүүлсэн. Бид хүргүүлсэн зөвлөмжийн биелэлттэй газар дээр нь очиж танилцаж байгаа.

 

Цаашдаа эрэлт, хэрэгцээ ихтэй үүнээсээ шалтгаалаад авлига, ашиг сонирхлын зөрчилтэй нөхцөл байдал үүсч байгаа сургуулиудын элсэлтийн үйл ажиллагааг нэгдсэн зохицуулалтад оруулж олон нийтэд ил тод зохион байгуулдаг болгох чиглэлээр БСШУСЯ-тай хамтран ажиллаж байна.

 

-Хүүхэд нь цэцэрлэгт орж чадаагүй эцэг эхчүүд хандивын анги нээх хүсэлтийг өөрсдөө тавьж эрхлэгч дарга нар дээр нь ордог асуудал байна. Боловсролын байгууллагын хүрэлцээгүй байдал авлига цэцэглэх нэг шалтгаан болж байна гэж тайлбарлаад байгаа энэ байж болох тайлбар мөн үү?

 

-Тийм ээ, байж болно. Маш олон хүчин зүйл нөлөөлж байгаа бөгөөд нэг шалтгаан нь мөн. Боловсрол, эрүүл мэндийн салбарт үүсдэг авлига, ашиг сонирхлын зөрчил нь иргэн бүрт шууд хохирол, хүндрэл учруулдаг хүн бүрийн анхаарлын төвд байдаг эмзэг асуудал. Энэ салбарууд дахь авлигын хамгийн том шалтгаан нөхцөл нь боловсрол, эрүүл мэндийн салбар дахь төрийн алдаатай бодлого, үйлчилгээний чанаргүй, хүртээмжгүй нөхцөл байдлаас шууд шалтгаалж байгаа. Нөгөө талдаа эцэг эх бүр хүүхдээ чанартай боловсрол эзэмшүүлэх, цэцэрлэгт хамруулахыг зорьж байгааг буруутгах аргагүй юм. Гэхдээ эцэг эхчүүд тэр хүсэл, эрмэлзэлээ авлига өгөөд ч хамаагүй гүйцэлдүүлэх хэмжээнд хүргэж байна гэдэг нь үйлчилгээний чанаргүй, хүртээмжгүй байдалтай шууд холбоотой.

 

Эх сурвалж: АТГ

Shuud.mn
Сонин хачин
zochin:
hvvhdee tsetserleg surguulid oruulah gej hahuul ugch l bgaa sh d etseg ehchvvd surguuli tsetserlegiig hvrteemjtei l bolgoh heregtei
2019-05-22
huuhdee surguulid oruulah gej argaa barj mungu ugdug. tegeed teriigee heleed daraa n huuhdiig n ter surguuliin bagsh suragchid mataachiin huuhed geed nud uzuurleed baih huulitai yum bna. arai ooroor zohitsuulalt hj boldoggui yum u.
2018-10-12
kkk:
Ер нь хүнд зүгээр л өгдөг мөнгө гэж байдаг юм уу. Хахууль өгөх гэмт хэрэг гээд байдаг. Албан тушаалтнууд л шахаж дарамталж байгаад л авдаг биз дээ.
2018-10-11
kkk:
АТГ авилгадыг хөгжүүлж байна. Авилга өгсөн хүнийг хоривол авилга хэзээ ч илрэхгүй.
2018-10-11
60 N ter bumiihanaas ajil hanshaar n awbal zugeer biz dee komissar aa
2018-10-11
билгүүн:
Өгсөн хүнийг нь хориод байвал авилга яаж илрэх вэ мэдрэл муутай хууль гаргах юмаа.
2018-10-11
Иргэн:
Хахууль өгснийгнь хориод байвал авилга яаж багасах, илрэх билээ
2018-10-11
ЗОЧИН:
ТОМ ХУЛГАЙЧ ЦАГДААГИЙН ДАРГА ХААНА БАЙНА АА. БАГШ НАРЫГ БИТГИЙ ОРОЛД.
2018-10-11
зочин:
1,3 ТЭР БУМЫН АВИЛГАЛАА ЯАСАН БЭ,Ийм байхад авилгал улам л хүчээ авахын байна.
2018-10-11
Hahuuli ogohgyu bol huuhdee oligtoi surguulid oruulj chadahgyu yum chin yahawe
2018-10-11
Өгсөнийг нь сулла!. Өгсөнийг барьж хоридог болохоор л наад авилгалын хэрэг чинь арилгахгүй байгаа шдээ.
2018-10-11
том хулгайч нараа чадахгуй шдэ
2018-10-11