Хулгайлагдсан тэрбумтан эрийн хувь заяа БҮРХЭГ байна

Африкийн хамгийн залуу тэрбумтан Мохаммед Девжиг өнгөрөгч долоо хоногт Танзани улсын Дар эс Салаам хотноо байхад нь зэвсэглэсэн этгээдүүд хулгайлсан юм.
Өдгөө 43 настай Девжигийн нийт хөрөнгө 1.5 тэрбум ам.доллар ба тэрбээр Африкийн долоон улсад хөдөө аж ахуй, тээвэр зуучлал, хоол хүнс, үйлчилгээ явуулдаг “MeTL Group" компанийн ерөнхийлөгч юм.
Цагдаагийнхан уг хэрэгтэй холбогдуулан 20 этгээдийг баривчлан, мэдүүлэг авч байгаа ч өнөөг хүртэл тэрбумтан эрийг хаана байгааг олж чадаагүй байна.
Тэгвэл Девжигийн гэр бүлийнхэн өчигдөр ард түмнээсээ дэмжлэг, туслалцаа хүссэн талаар "Ройтерс " агентлаг мэдээлэв.
Тэрбумтан эрийг барьцаалсан этгээдүүд болон хаана байгаа талаарх ҮНЭН ЗӨВ мэдээлэл өгсөн хүнд 440,000 ам.доллар өгч, мэдээллийг нууцалж, аюулгүй байдлыг нь хамгаалахаа амласан байна. Уг зарыг орон нутгийн хэвлэлүүдээр цацаж, идэвхтэй байхыг гэр бүлээс нь хүсчээ.
Танзани улсад хүн хулгайлах гэмт хэрэг ховор гардаг гэнэ.
Девжи Танзани улсад төрсөн ба АНУ-ын хамгийн нэр хүндтэй их сургууль болох "Georgetown University" -ийг төгссөн юм. Тэрбээр 2005-2015 оны хооронд парламентын гишүүнээр ажиллаж байв. Гурван хүүхдийн эцэг Девжи "Форбес" сэтгүүлээс гаргасан Африкийн хамгийн баян 100 эрхмийн 17-т жагсдаг аж. Тэрбумтан эр "нийт хөрөнгийнхөө талаас илүү хувийг буяны үйлсэд хандивлана" хэмээн 2016 онд мэдэгдэж байжээ. Девжи мөн Америкийн "Форбес" сэтгүүлийн нүүрэнд гарсан анхны Танзани улсын иргэн гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ