Нүүрс тээврийн замд сар бүр нэг хүний амь нас хохирч байна
2018-10-18

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын захиалгаар Бодлогын Инновацийн Хүрээлэнгээс хэрэгжүүлсэн “Тавантолгойн бүлэг ордын нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажиллагааны хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээ”-ний үр дүнг өнөөдөр /2018.10.18/ танилцуулж байна.

 

Энэхүү Хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээг Швед Улсын Байгаль орчны агентлаг, НҮБХХ-ийн хамтран хэрэгжүүлж буй  “Байгалийн нөөцийн тогтвортой удирдлагыг хангах байгаль орчны засаглал” төслийн  санхүүжилтээр ХЭҮК, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын удирдлагын оролцоо, дэмжлэгийн хүрээнд зохион байгуулж байгаа юм.

 

Цогтцэций сум 2006 онд 2121 хүн амтай байсан бол Тавантолгойн бүлэг уурхай ажиллаж эхэлснээр 2010 он гэхэд 3366 болж, түүнээс хойш тасралтгүй өссөөр 2017 оны байдлаар 7422 болсон байна. Цогтцэций сумын удирдлагуудын баримжаа тооцооллоор 9000 орчим хөдөлгөөнт хүн сумын нутаг дэвсгэрт оршин сууж байна.

 

Цогтцэций сумын хүн амын өсөлт, ялангуяа хөдөлгөөнт хүн амтай холбоотой гэмт хэрэг, нийгмийн хэв журмын зөрчил нэмэгдсэн байна. Цогтцэций сумын хувьд 2016 онд 66 гэмт хэрэг бүртгэгдсэн бол 2017 онд 82 болж 24 хувиар өссөн байна.

 

Нүүрс тээврийн зам дагуух олон гэр, хоолны газар, засвар үйлчилгээний газрууд, тэдгээрийн зохион байгуулалт, төлөвлөлтгүй орчинд хог хаягдал хуралдаж, орчныг бохирдуулж байна. Гашуун сухайтын авто замын эхлэлээс 4 болон 6 дахь км-т төлөвлөлт, зохион байгуулалтгүй худалдаа, үйлчилгээний цэг үүсч, олон тооны гэр, зөөврийн байшин замбараагүй бөөгнөрсөн байдалтай байна.

 

Нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогчдын эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээ

 

Урт дараалал, түгжрэл: Олон арван километр үргэлжилсэн урт дараалал болон уурхай ам, гаалийн хяналтын бүсэд нүүрс ачих, буулгах үеийн дараалал, түгжрэл нь жолооч нарын эрүүл мэнд, сэтгэл санаа, санхүүд олон талын сөрөг нөлөөлөл учруулж байна.

 

Замын тээврийн осол: Зам тээврийн осолд өртөх эрсдэл маш өндөр байна. 2016-2017 оны зам тээврийн осол гэмтлийн мэдээллийг харьцуулж үзэхэд жилд 1500 орчим зам тээврийн осол гарч, түүний улмаас 10 орчим хүн амь насаа алдаж, олон арван хүн бэртэж гэмтэж, мөн эд хөрөнгийн хохирол амсаж байна. Дунджаар тооцвол өдөрт 4-5, 1 сард 125 орчим осол гарч, сар бүр 1 хүний амь нас хохирч байна. 2013-2014 онд нүүрс тээвэрлэлтийн хэмжээ багассан, замын осол, хэрэг зөрчил цөөрсөн гэж үзвэл 2010-2018 онд Гашуун сухайтын нүүрс тээврийн замд гарсан ослын улмаас наад зах нь 50 гаруй хүний алтан амь үрэгдсэн байна.

 

Замын эвдрэл, нүх, зэргийг тойрч гарах үед эсрэг урсгалын машинтай мөргөлдөх, ард талын машиныг чиргүүлээр гуядах, огцом хурдаа хассаны улмаас машин онхолдох зэрэг осол зонхилдог байна.  Түүнчлэн, мэргэжлийн зэрэггүй, хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалтад хамрагдаагүй, туршлагагүй жолооч нар их байдгаас осол их гарч байна. УБ хотод жолооны ангиллыг хууль бусаар олгох явдал байсаар байгаа нь жолооны эрхийн үнэмлэхгүй залуучуудаар машин бариулах, машинаа урагшлуулах асуудал гарсаар байна.

 

Хөдөлмөрлөх нөхцөл

 

Жолооч нарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, тээврийн хэрэгсэл ашиглахтай холбоотой бүх төрлийн даатгалыг бүрэн хариуцдаг, жолооч бүртэй хөдөлмөрийн гэрээ байгуулж, холбогдох хөдөлмөр, эрүүл ахуйн хууль, тогтоомж, дүрэм, журмыг баримталдаг аж ахуйн нэгж маш цөөн байна. Үндсэндээ Энержи Ресурс компани ба цөөн хэдэн тээврийн эрх бүхий аж ахуйн нэгжүүд үүнд хамаарч байна. Харин Эрдэнэс Тавантолгой ХК, орон нутгийн Тавантолгой ХК нь нүүрс худалдан авагч компаниуд (Шэнхуа, Чалко, Вэйнсвэй, Пушин г.м.)-д тээвэрлэлтийн асуудлаа даатгаж, тээвэрлэлтийн компаниудад ямар нэгэн шаардлага тавихаас зайлсхийж байна.

 

Нийт жолооч нарын 90 хувь нь (Энержи Ресурс компаниас бусад) эрүүл мэндийн үйлчилгээ (анхан шатны тусламж, оношлогоо, эмчилгээ)-нд хамрагдах боломжгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу олгогдсон эрх (долоо хоногийн ажлын цаг 40 хүртэл байна, ердийн ажлын өдрийн үргэлжлэл 8 хүртэл цаг байна, илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласаны нэмэгдэл, илүү цагийн хөлс авах, хүнд нөхцөлд ажилласаны нэмэгдэл авах г.м.)-ээ эдлэх боломжгүй байна.

 

Тавантолгой нүүрс тээврийн замын дагуу эмнэлгийн болон онцгой байдлын салбар нэгж байхгүй бөгөөд осол гарсан тохиолдолд харъяалалын сум (Ханбогд, Цогтцэций, Баян-Овоо) эсвэл Тавантолгойд ажиллаж байгаа уурхайн эмнэлэг, аврах албаны тусламж ирэх хүртэл цаг алдах, ингэснээр амь нас алдах, нүүрс тээврийн хөдөлгөөнийг удаан хугацаагаар саатуулдаг.

 

Төрийн үйлчилгээ (боловсрол, эрүүл мэнд, халамж, шүүх, захиргаа, нийгмийн хэв журам сахиулах г.м.) авах эрх хязгаарлагдмал, түүнийг хангах механизм бүрдээгүй байна. БНХАУ-ын нутаг дэвсгэрт Монгол Улсын иргэний хувьд эрхээ хамгаалуулах боломжгүй. БНХАУ-ын харъяат иргэд, аж ахуйн нэгжтэй хөдөлмөрийн маргаанаа шийдвэрлүүлэх механизм байхгүй байна. Хятадын талд хэрэг, зөрчилд өртсөн жолооч нарын эрхийг хамгаалах механизм байхгүй.

 

Цагаан хадны гаалийн хяналтын бүс 

 

2016-2017 онд Тавантолгойн бүлэг уурхайн нүүрсний экспорт нэмэгдсэнээр Цагаан хадны гаалийн хяналтын бүсийн орчмын байгаль орчин, хөрс, агаарын чанар, хүний эрүүл мэнд, хөдөлмөрлөх нөхцөл, орчмын бэлчээрт үзүүлэх сөрөг нөлөөлөл улам ихэссэн байна.

 

Байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл уурхайн орчинтой ижил түвшинд болсон хэдий ч Цагаан хадны нүүрс дамжуулан буулгах газруудын байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн үнэлгээ, агаарын чанар, хөрс, усны бохирдлын хяналт шинжилгээ огт хийгдэлгүйгээр үргэлжилсээр байна.

 

Энэ бүс цахилгаан эрчим хүчний сүлжээнд холбогдоогүй хэвээр байна. Цагаан хадны бүсэд төлөвлөлт огт хийгдэлгүйгээр байшин, гэрүүд баригдсан, тус бүртээ зөөврийн цахилгаан үүсгүүр, зуух хэрэглэдэг учраас гал түймэр гарах эрсдэл ихтэй байна. Мөн энэ бүс нь хөрсний эвдрэл элэгдэл ихтэй, хотгор газар учраас бороо хур ихээр ороход үерт автах өндөр эрсдэлтэй.

 

Замын хөдөлгөөний хяналт болон Цагаан хадны гаалийн бүсийн хэв журмыг сахиулахад цагдаагийн тасгийн хүний нөөц, санхүүжилт, техник хэрэгсэл хүрэлцдэггүй байна. Цагаан хадны бүсэд эмч ажилладаггүй. Эмийн сан ажилладаг ч зөвшөөрөлтэй эсэх, холбогдох хяналт шалгалт хийгддэг эсэх нь тодорхой бус байна.

 

Цагаан хадны гаалийн хяналтын бүс нь Ханбогд сумын Хайрхан багийн нутагт байрладаг. Статистикийн үндэсний хорооны мэдэээллээр тус багийн бүртгэлтэй хүн ам 2014 онд 177 байсан бол 2017 онд 352 болж өссөн байна. Бүртгэлтэй хүн амын дотор 0-14 насны хүүхэд 75 байна. Цагаан хадны бүсэд ажиллаж, амьдарч буй иргэдийн хүүхдүүд хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд ноцтой үр дагавар бүхий орчны бохирдолтой, замын хөдөлгөөний аюул дунд байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
тэр зам гэж бол газар дээрхи там байгаашдээ. очиж үзсэн хүн л мэднэ. сая гадна, дотны баахан судлаачид очоод, ийм судалгаа хийсэн байлээ. манайх шиг ингэж өөрөө өөрсдийгөө сайн дураараа тамлан зовоодог улс гэж байдаггүй байхаа
2018-10-18
Зочин:
Хүнээ боддог улсууд маань төмөр замтай бол ингэхгүй гээд л нэг дүгнэлт хийж болдоггүй юм байх даа. их л чухал олон юм бичих юм
2018-10-18
Өвгөн:
Энэ ч уул нь зөв, гэхдээ хувийн хэвшил үүнд чинь огт хамаагүй мэт байгаа, тэгээд ч зах зээл өөрөө зохицуулдаг юм биш үү, ..
2018-10-18