ОХУ-аас буцалтгүй тусламжаар зэвсэг, техник нийлүүлэхийг хүсэв
2018-10-18

 

 

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Кужугетович Шойгу өнөөдөр Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын урилгаар Монгол Улс дахь албан ёсны айлчлалаа эхлүүллээ. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгуг БХЯ-ны Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд тэргүүтэй Батлан хамгаалах яам, ЗХЖШ-ын нийт бие бүрэлдэхүүн хүндэтгэн угтлаа. 


Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Оросын Холбооны Улсын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу нарын уулзалт хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, цэргийн хамтын ажиллагааны явц, цаашдын чиглэлийн талаар хэлэлцээ хийснээр эхэлсэн юм. Түүнчлэн Монгол Улсын Батлан хамгаалах яам, Оросын Холбооны Улсын Батлан хамгаалах яам хоорондын Цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэх урт хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурлаа. 


Уг хөтөлбөрт батлан хамгаалах, зэвсэгт хүчний удирдлага, төрлийн цэргүүдийн болон цэргийн боловсрол, эрдэм шинжилгээ, эмнэлэг, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг цаашид хэрхэн хөгжүүлэх чиглэлүүдийг тусгагджээ. Айлчлалын үеэр ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Сүхбат Батлан хамгаалах яамнаа байрлах Монгол Улсын бүх цэргийн орйн дээд хар сүлдний өргөөгөө танилцуулан тайлбарлаж ОХУ-ын батлан хамгаалахын сайд, армийн генерал Шойгу бүх цэргийн хар сүлдэнд мөргөн хүндэтгэл үзүүллээ.

 

Оросын Холбооны Улсын Батлан хамгаалах яамнаас Монгол Улсын Зэвсэгт хүчний хэрэгцээнд, тэр дундаа Монгол Улсын Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалд нэн шаардлагатай нэг техникүүдийг буцалтгүй тусламжаар олгосныг ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, Армийн генерал С.К.Шойгу албан ёсоор гардуулан өглөө. Тэрээр Монгол Улс, ОХУ-ын 4 удаагийн баатар, Маршал Г.К.Жуковын гэрэлт хөшөөнөө цэцэг өргөн хүндэтгэл үзүүлсэн бөгөөд дэлхийд ганцхан байдаг Г.К.Жуковын музейгээр зочилсоноор түүний манай улсад хийж буй айлчлал үүргэлжилж байна. Сергей Кужугетович Шойгу ОХУ-ын Батлан хамгаалахын сайдаар 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ОХУ-ын Батлан хамгаалахын сайдаар томилогдсон бөгөөд түүнийг ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд тэргүүтэй 5 генерал, 14 төлөөлөгч, Элчин сайд, цэргийн атташе, хэвлэл мэдээллийн 12 ажилтан дагладан ажиллаж байна. Энэхүү айлчлал нь ОХУ-ын Батлан хамгаалахын сайдын манай улсад айлчилж буй 10 жилийн дараах айчлал юм. 2008 онд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд А.Э.Сердюков айчилж байсан байна.

 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгуг хүлээн авч уулзлаа.  Армийн генерал Сергей Шойгу  2001 онд ОХУ-ын Онцгой байдлын сайд байхдаа манай улсад айлчилах үеээрээ малчдад хүргэх тусламж үзүүлж байсан байна. Энэ удаа Батлан хамгаалахын сайдын хувиар хүрэлцэн ирсэнд талархаж байгаагаа Ерөнхий сайд уулзалтын эхэнд дурьдлаа.

 

Монгол Улсын Засгийн газар ОХУ-тай харилцах харилцаанд тэргүүлэх ач холбогдол өгч, Стратегийн түншлэлийг хөгжүүлэх бодлогыг тууштай баримталж ирсэн. Энэ талаарх хөтөлбөрт цэргийн болон цэрэг-техникийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэхээр туссан гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ.

 

Цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас буцалтгүй тусламж үзүүлэх, боловсон хүчнийг үнэ төлбөргүй бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэнд талархаж байгаагаа илэрхийлсэнийй дээр Монгол Улс Зэвсэгт хүчний зэвсэглэл, мэргэшсэн боловсон хүчнээр бэхжүүлэх зорилтын хүрээнд ОХУ-тай тогтоосон уламжлалт хамтын ажиллагаанд тулгуурлан хэрэгжүүлэх бодлого баримталдаг энэ үеэр мөн илэрхийлсэн юм.  Ерөнхий сайд Хүрэлсүх Цаашид Цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээр”-ийн үйлчлэлийг урт хугацаагаар сэргээх, зарим шаардлагатай  техник, зэвсэглэлийг ОХУ-аас буцалтгүй тусламжаар нийлүүлэх боломжийг судалж үзэхийг Батлан хамгаалахын сайд С.Шойгугаас хүслээ.

 

Найрамдалт харилцаатай Монгол Улсад дахин зочилж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу илэрхийлээд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины мэндчилгээг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд уламжилсан. 

 

Монгол Улс, Оросын Холбооны Улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, Монгол Улсын батлан хамгаалах салбарыг  бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Оросын Холбооны Улсын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгуг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасныг Улсын Их Хурлын дарга М.Энхболд гардуулан баяр хүргэлээ.

 

Тийнхүү ОХУ-ын Батлан хамгаалахын сайд  Монгол  улсад айлчилсан 6 цагийн айчлал манай 2 орны харилцаа хамтын ажиллагаанд , тэр дундаа батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний хүч чадлыг бэхжүүлэхэд өндөр дээд хэмжээний айчлал болон өндөрлөлөө.

Shuud.mn
Сонин хачин