Трамп: Сэтгүүлч амиа алдсан гэдгийг баримтаар нотлох хэрэгтэй
2018-10-18

Саудын Арабын иргэн, сэтгүүлч Жамал Хашогги амиа алдсан хэмээн эх сурвалжууд мэдээлсээр байна.

 

 

Сэтгүүлч эр энэ сарын 2-нд шаардлагатай бичиг баримт бүрдүүлэхээр Туркийн Инстанбул хот дахь Саудын Арабын Консулын газарт очсоныхоо дараа сураггүй алга болсон юм.

 

Америкийн “CNN” агентлаг “Сэтгүүлчийг Саудын Арабаас ирсэн 15 гишүүнтэй тусгай баг амийг нь хөнөөсөн” гэж мэдээлэв. “Тус тусгай багийнхан сэтгүүлчийг хөнөөснийхөө дараа мөчилж, цүнхэнд хийгээд Консулын байрнаас гаргасан” хэмээн эх сурвалжийн мэдээллийг иш татжээ.

 

Сэтгүүлч эр амиа алдахаасаа өмнөх үйл явдлыг гэрчлэх бичлэг түүний “Apple watch”  бугуйн цаганд бичигдсэн гэнэ. Гэхдээ эдгээр мэдээллийг албаныхан батлаагүй байна.  

 

Олон эх сурвалжтай мэдээллүүд хэвлэлээр цацагдаж эхэлсэнтэй холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн байр сууриа хүргэлээ.

 

Трамп “Сэтгүүч амиа алдсан гэдгийг батлах хэрэгтэй байна. Тэр Турк, Саудын Араб сэтгүүлчийн талаарх үнэн зөв мэдээллийг хүргэх хэрэгтэй. Өөрсдийн байр сууриа батлах нотолгоогоо яг одоо үзүүл. Буруугүй бол буруугүй гэдгээ батал. Буруутныг илчилж буй мөн мэдээллээ баталгаажуул” гэж мэдэгдэв.

 

Туркийн цагдаагийнхан энэ долоо хоногийн эхээр хэрэг гарсан гэгдээд буй Консулын байранд нэгжлэг хийсэн ба тун удахгүй ажиллагааныхаа талаар мэдээлэл хүргэхээр төлөвлөжээ.

 

Туркийн тал сэтгүүлчийг захиалгат аллагын золиос болсон гэдэгт 100 хувь итгэлтэй байгаа.

 

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео өчигдөр Саудын Араб улсад ажлын айлчлал хийж, тус улсын угсаа залгамжлах ханхүү Мохаммед бен Салман Аль Саудтай уулзсан юм.

 

Тэд олон улсын анхаарлыг татаад буй сэтгүүлч Жамалын асуудлаар ярилцсан ба ханхүү “Би түүнийг сураггүй болсон гэдгийг саяхан олж мэдсэн” гэсэн бол  сайд “Учир битүүлэг байгаа уг хэргийн үнэн зөвийг тогтоох ажлыг Саудын Араб удирдан явуулж, хэргийн зангилааг тайлах хэрэгтэй” гэж хэлжээ.

 

Саудын Араб Жамалын асуудлаар тусгай тасаг гаргахаар болсон гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин