О.Бадарч: Цогтцэций сумын иргэд “ядуурсан”
2018-10-22

Тавантолгойн бүлэг орд оршдог Өмнөговь аймагт тэр дундаа нүүрсний замыг дагасан гурван сумын нөхцөл байдал хүндэрснийг орон нутгийн удирдлага, судалгааны байгууллага тогтоолоо. Тэр бүс нутагт тоосжилт стандарт хэмжээнээс хэд дахин давж, иргэд тоос тортгоор амьсгалж байгаагаа гомдоллож байна. Бүр сүүлдээ хүүхдийн хумс унаж, томчууд нь уушгины архаг өвчтэй болж байгаагаа хэллээ. Тавантолгойн нүүрс олборлолт, тээвэрлэлтээс үүдэн  агаарын бохирдлоос үүдэн өмнөговьчуудын эрүүл, аюулгүй орчин амьдрах баталгаа алдагдаж, төрийн зайлшгүй дэмжлэг хэрэгтэй байгааг нутгийнхан хэлж байна. Энэ тухай Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг дарга О.Бадарчаас тодрууллаа.

 

 

 

-Цогтцэций сумын хичнээн иргэдийн эрхийн асуудал хөндөгдөж байгаа вэ?

 

Цогтцэций сум 7800 орчим иргэнтэй. Дээр нь хөдөлгөөнд хүн ам нэмэгдээд 20-илд мянган хүн болдог. Энэ хүмүүсийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах баталгаа алдагдсан. Байгалийн баялгаа үүсэх эрсдэлийг тооцолгүй ашиглаж, ухаж байгаагийн гай энэ. Энд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар төр, тухайн нутагт олборлолт явуулж байгаа уул уурхайн компани, иргэд нэгдсэн ойлголттой болж, арилгахаас өөр арга замгүй. Харамсалтай нь нэгдэж чадахгүй байна.

 

-Тавантолгойн нүүрс тээврийн машины жолооч нарын тухай ярьдаг байлаа. Харин энэ удаа нутгийн иргэдийн эрх ашиг хөндөгдөж байна. Бараг анх удаа байх?

 

-Нүүрс тээврийн замыг ярихад зөвхөн Цогтцэций сум яригдахгүй. 150 орчим км замын дагууд байгаа гурван сумын иргэд, малчдыг ярина. Тэдний нийгмийн асуудал үнэхээр хүнд байна. Байгаль орчин сүйдэж, амьдрах орчин доройтож байна. Энэ нь эрүүл малыг хүнсэндээ хэрэглэх нөхцөл баталгааг алдагдуулж байна. Олон жил амьдарч ирсэн газар нутагтаа хавчигдаж байна. Энэ бүхэн нүүрс олборлож зах зээлд гаргахаас их хүч, цаг хугацаа, хөрөнгө шаардсан ажил болно.

 

Тавантолгойн бүлэг ордыг ашиглаж, экспортод гаргаад 12 жил болж байна.  12 жил нүүрс олборлож гаргах асуудал бол амархан. Харин үүнээс үүссэн хохирлыг хэдэн жилд шийдэх вэ. Хамгийн хэцүү нь энэ.

 

-Уул уурхайн үйл ажиллагаанаас сум, орон нутагт тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт ирж байгаа. Үүнийг хэрхэн зарцуулдаг вэ?

 

-Бүлэг ордуудаас суманд орж ирж байгаа хөрөнгө гэвэл бас хэцүү шүү. Гэхдээ тодорхой хэмжээний хөрөнгө байгаа. Үүнийг шууд утгаараа хүнд зориулж байна уу гэвэл, үгүй. Наанадаж л, орон нутгийн агаарыг бохирдуулсны төлбөр гээд тэрбумаар хөрөнгө төвлөрч байгаа. Гэтэл тэрнээс орон нутагт нэг ч төгрөг үзэгддэггүй.

 

Харин сургууль барих, зам тавих зэргээр дам утгаар хүнд зориулж байгаа. Цогтцэций сум сүүлийн 4-5 жилд хотжилт эрчимтэй явагдаж байна. Уул уурхайн олборлолт явагдаагүй байхад 500-аад өрхтэй сум байсан. Одоо бол 2300 өрхтэй. Тэдний 300 нь малчин өрх, 2000 нь сумын төвийн оршин суугчид. Энэ хүмүүст зам, цахилгаан, дулаан, ногоон байгууламжид асар их хөрөнгө шаардсан ажил болдог.

 

-Цогтцэций сумын иргэдийн амьдралын түвшин ямар байх уу? Ядуурал гэсэн ойлголт байдаггүй байх.

 

-Цогтцэций сумын иргэдийн амьдралын түвшин доройтоогүй. Харин аюулгүй орчинд амьдрах баталгаа алдагдаж байгаа нь ядуурал. Эрүүл мэндээрээ хохирч байна, үр удам нь ямар байх билээ. Энэ бол ядуурал.

 

-Танай сумын Цагаан Овоо багт гамшиг нүүрлэсэн тухай ярьж байна?

 

-Сумаас 15 км-ын зайд оршдог Цагаан Овоо багт орон нутгийн Тавантолгой компанийн 700 гаруй ажилчид амьдардаг. Газар нутаг нь Эрдэнэс Тавантолгойн лицензийн талбай руу орчихсон. Бүлэг ордын тоосжилтын хамгийн гол цэг нь. Тиймээс тэр иргэдийг сэлгэн нутагшуулахаас өөр арга байхгүй. Сумаас газрын асуудлыг шийдсэн. Харин нүүлгэх шилжүүлэх зардлын асуудал байгаа. Үүнийг ашигт малтмалын хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу Эрдэнэс Тавантолгой компани шийдэх ёстой.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Bayalagtai baihiin ach tus gej bna uu. harin ch bur hund baidald orood bga yum bishu.
2018-10-22