Сэтгүүлчтэй сүйт бүсгүй нь твиттерээр салах ёс гүйцэтгэлээ

Туркийн Инстанбул хот дахь Саудын Арабын Консулын газарт очсоныхоо дараа сураггүй болсон сэтгүүлч Жамал Хашоггиг золгүй байдлаар амиа алдсан хэмээн тус улсын эрх баригчид мэдэгдэж байна.
Сэтгүүлч эр консулын ажилчидтай маргалдаж, нударга зөрүүлэх үеэр амиа алдсан гэв. Уг мэдэгдлийг хэтэрхий нэг талыг барьсан хэмээн Европын орнууд үзэж байна.
Жамал турк иргэнтэй гэр бүл болохоор шаардлагатай бичиг баримт бүрдүүлэхээр Консулын газарт очсон юм.
Саудын Арабын эзэн хаан Салман өчигдөр сэтгүүлчийн гэр бүлд эмгэнэл илэрхийлжээ. Уг эмгэнэлийн дараа Жамалын сүйт бүсгүй Хатисе Сенгиз твиттер хуудастаа “Чиний бие махбодь энэ ертөнцөөс явсан ч чиний сайхан инээмсэглэл миний сэтгэл зүрхэнд үүрд мөнхөд үлдэх болно, хонгор минь” гэж жиргэжээ.
Тэрбээр өнөөг хүртэл Инстанбул дахь Саудын Арабын Консулын үүдэнд сүйт залуугийнхаа зургийг барин зогсч, эрх баригчдаасаа үнэний талаар өгүүлэхийг шаардаж буй юм.
Сүйт бүсгүй “CNN” агентлагт “Тэр минь террорист этгээд биш. Тэр минь шинжээч, сэтгүүлч юм” гэж ярьжээ.
Гэр бүл нь Жамалын цогцсыг хүлээлгэн өгч, албан ёсоор салах ёс гүйцэтгэх хүсэлтээ гаргасан гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ