Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт бүлэг, Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид насанд хүрээгүй буюу 16-17 насны гурван охидыг айлган сүрдүүлэн дарамталж тэднийг хүчээр биеийг нь үнэлүүлж бэлгийн мөлжлөг үйлдэж байсан 24-33 настай таван этгээдийг илрүүлэн хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байна.
Хохирогч нар 16-17 настай охид бөгөөд тэдгээрийг хамгаалах байранд хамгаалалтад авч, сэтгэл заслын арга хэмжээгч авч байгаа аж.
Хэрэгт хэрэг үйлдсэн этгээдүүд болох А, Ч, Ө, А, А нар нь бага насны охидтай цахим хуудсаар танилцан дотно харилцаа үүсгэдэг. Улмаар эрхшээлдээ оруулж, уг гэмт хэргийг энэ оны гуравдугаар сараас эхлэн долоодугаар сар хүртэл үйлдэж байсныг тогтоожээ. Энэ хугацаанд охидыг зочид буудалд байгаа зураг, дүрс бичлэг зэргийг олон нийтэд цацна хэмээн дарамтлан, айлган сүрдүүлж эрхшээлдээ оруулдаг байсан гэх нөхцөл байдал тогтоогдож Гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэх дээрхи нэр дурдсан этгээдийг саатуулан шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12 дугаар бүлэг: “Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”
12.3 дугаар зүйл.Бэлгийн мөлжлөг
1.Хохирогчид хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж; эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа байдлыг далимдуулан зорчих эрхийг хязгаарлахгүйгээр бусадтай бэлгийн харьцаанд албадан оруулсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг хохирогчийн биеийг үнэлүүлж ашиг олох зорилгоор:
2.1.арван дөрвөөс арван найман насанд хүрээгүй хүнийг албадан оруулж /Энэ заалтад 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
2.2.урьд энэ бүлэгт заасан гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан хүн;
2.3.хохирогчид мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлж;
2.4.хохирогчийг жирэмсэн болгож;
2.5.хоёр, түүнээс олон хүнийэсрэг;
2.6.байнга тогтвортой үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Энэ гэмт хэргийн улмаас:
3.1.ураг зулбасан;
3.2.арван зургаан насанд хүрээгүй хүнийг жирэмсэн болгосон бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ
4.Энэ гэмт хэргийг хохирогчийн биеийг үнэлүүлж ашиг олох зорилгоор:
4.1.бага насны хүүхдийг албадан оруулж;
4.2.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.
Тайлбар: -Бага насны хүүхдийн эсрэг энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцоход энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар үйлдсэн байхыг шаардахгүй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13 дугаар бүлэг: Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг.
13.1 дүгээр зүйл.Хүн худалдаалах
1.Биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах, боолчлох, түүнтэй ижил төстэй нөхцөлд байлгах, эд, эрхтнийг авах, албадан хөдөлмөрлүүлж мөлжих зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хулгайлж, хууран мэхэлж, итгэл эвдэж, эрх мэдлээ урвуулан ашиглаж, эмзэг байдлыг нь далимдуулж, эсхүл хяналтдаа байлгаж байгаа хүнд төлбөр төлж, хахуульдаж хүнийг эрхшээлдээ оруулан элсүүлсэн; тээвэрлэсэн; орогнуулсан; дамжуулсан; хүлээн авсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг:
2.1.хүүхэд, жирэмсэн эмэгтэйг мэдсээр байж;
2.2.хоёр, түүнээс олон хүнийг худалдаалж;
2.3.Монгол Улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Энэ гэмт хэргийг:
3.1.байнга тогтвортой;
3.2.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.
Тайлбар: -Хүүхдийн эсрэг энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцоход энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар үйлдсэн байхыг шаардахгүй.
-Энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцоход хохирогч өөрийг нь энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар хохироож байгааг өөрөө зөвшөөрсөн эсэх нь гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй" гэж заасан байдаг.
Г.Сүрэн
Уншиж байна |