В.Путин: АНУ, Европыг пуужингаар зэвсэглэвэл бид ч хариуг нь барина

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрөгч амралтын өдөр 1987 онд байгуулсан цөмийн болон пуужингийн хөтөлбөрийг үл дэлгэрүүлэх гэрээнээс гарч буйгаа зарласан билээ.
Уг гэрээнээс гарч буй шалтгаанаа Цагаан ордны тэргүүн "Өнгөрсөн хугацаанд ОХУ-ын эрх баригчид биднийг хуурч, гэрээг олон удаа зөрчсөн" гэж тайлбарлажээ.
Тэрбээр уг гэрээнээс гарч буй учир Европыг дунд болон ойрын зайн тусгалтай пуужингаар зэвсэглэх саналтай байна.
Тэгвэл уг асуудлаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өөрийн байр сууриа хүргэсэн талаар "Ройтерс" агентлаг уламжлав.
Ерөнхийлөгч Путин "АНУ-ын эрх баригчид Европт пуужин нийлүүлбэл ОХУ мөн адил хариу барих болно. АНУ яагаад Европыг ийм аюулд оруулж байгааг сайн ойлгохгүй байна. АНУ ямар үйлдэл хийнэ бид ч ижилхэн байх болно. Энэ бол бидний хүсч буй зүйл биш. Энэ бол бидний сонголт биш. Тиймээс АНУ буруу шийдвэр гаргах учиргүй " гэж мэдэгджээ.
Тэрбээр өчигдөр Италийн Ерөнхий сайд Жузеппе Контетой уулзаад, хамтарсан хэвлэлийн хурал хийх үеэрээ ийнхүү мэдэгдсэн байна.
Путин, Трампын дээрх шийдвэрт ихээхэн сэтгэл дундуур буйгаа илэрхийлсэн билээ. Удирдагчид ирэх сард Парис хотноо уулзахаар тохиролцжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ