Ч.Улаан:Төсвийн хүрээний мэдэгдэлд тойргийн явцуу эрх ашиг ороод байна

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, саналаа хэллээ.
УИХ-ын гишүүн Ч.Улаан:
-Дэндүү жоохон үзүүлэлтээр энэ том бодлогыг эвдэх нь зөв үү? 37 тэрбум төгрөгөөр бодлогоо авч үлдэх бололцоотой. Хөрөнгийн зардал гэдэг чинь хөрөнгө оруулалт, үр ашигтай бүтээн байгуулалт гэж үзэхгүй. Бодлогоо зөв тодорхойлсон ч бодлогыг илэрхийлсэн тоо буруу байна. УИХ, тойргийн явцуу эрх ашиг ороод байна. Тийм учраас Төсвийн хүрээний мэдэгдлийг агуулгаар нь авч үзье.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:
-Төсвийн хүрээний мэдэгдлийг цаашдаа аль болох бодитой байлгах хэрэгтэй. 2021-2023 онд Засгийн газрын өрөөс гадна “Мазаалай”, “Чингис бонд” зэрэг төлбөрүүд орж ирэх нь. Үүнийг бодитой тооцох хэрэгтэй. Төсвийн хүрээний мэдэгдэл 37 тэрбум төгрөгөөр нэмэгдэж байгаа тохиолдолд тойргийн бус улсын хэмжээн сэтгэж, ажлын байрыг нэмэгдүүлэх, мэргэжилтэй болсон хүчин бэлтгэх хэрэгтэй.
УИХ-ын гишүүн М.Билэгт:
-Хөрөнгийн зардал өсч байгаа. Энэ Засгийн газар сургууль, цэцэрлэг, эмнэлэгт хөдөө орон нутагт баригдахаар бүтээн байгуулалт хийж байгаа. Монгол бол хүнсний орон болох бүрэн боломжтой. Бид далайд гарцгүй орон гэж боддог ч Монгол бол хүн далайд гарах боломжтой гэдэг. Нэг сумаар хэдэн туулай буудах хэмжээний давхар бодлогыг бодооч ээ.
Ийнхүү Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд холбогдох байнгын хороонд шилжүүлэв.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ