АН: ЖДҮ-ээс зээл авсан УИХ-ын гишүүд "мөнгө угаасан" байж болзошгүй

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд мэдээлэл хийлээ. Хуралдаан УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нар оролцлоо. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:
-УИХ дахь АН-ын бүлэг шуурхай хуралдаан хийлээ. Энэ хуралдаанаар УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт ЖДҮ-ийн сангийн зээлийн асуудлаар шаардлага хүргүүлэхээр боллоо. Тодорхой асуудлаар байр сууриа илэрхийж, хариу өгөх ёстой гэж манай бүлэг үзсэн. ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээл ямар ч шалгуургүйгээр улс төрийн зорилготой олгогдож байгаа явдал хавтгайрсан гэж үзэж байна. Үүний нэг тод жишээ нь хэвлэл мэдээллээр гарсан баримтууд нотолж байна. ЖДҮ-ийн сангийн зорилго гуйвсан. ЖДҮ-ийн сангийн хуваарилалт нь шалгууртай. Энэ нь ЖДҮ-ийн сангийн тухай хуулиар бус сайдын тушаалаар олгогдсон нь шударга бус болсон. МАН-ын эрх бүхий олон гишүүд энэ асуудалд холбогдож байгаа. Эрхэлсэн зээлийнх нь нөхцөл байдлыг харахад “ХХААХҮ-ийн сайдын 2018 оны тавдугаар сарын 13-ны А/88 тушаалаар дээрх зээлийг бодлогын журмаар, шударга бусаар хуваарилсан байдалтай. Нэг гишүүн дундажаар 950 сая төгрөгийн зээл авсан байна. Үүнтэй холбогдуулан шаардлага хүргүүлж байна гэлээ.
Уг шаардлагад “Засгийн газраас ЖДҮ-ийг хөгжүүлэх зорилгоор иргэн, аж ахуй нэгжид30 саяас 2 тэрбум хүртэлх төгрөгийг тав хүртэл жилийн хугацаатай, жилийн гурван хувийн хүүтэйгээр, эхний хоёр жилд үндсэн зээлээс чөлөөлөх маш хөнгөлөлттэй нөхцөлөөр олгодог. Гэтэл уг зээлийг УИХ-ын гишүүд ,албан тушаалтнууд хувийн компанидаа тавьсаныг ард иргэд, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан тавьж байна. Тодруулбал, ЗТХ-ийн сайд Я.Содбаатар өөрийн эзэмшлийн “Эпота Анарваан” компанид 1.2 тэрбум, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг өөрийн эхнэрийн “Тээвэр ачлал” компанид 1.4 тэрбум, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун өөрийн эзэмшлийн “Дорнод гурил” компанид 950 сая, УИХ-ын гишүүн Г.Солтан “Монгол шаазан” компанид 950 сая төгрөгийн зээл авсан байна. Мөн УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын “Газар буудай”, УИХ-ын гишүүн Н.Учралын аавын “Хүннү” компани, БХБ-ын дэд сайд н.Лхамсүрэнгийн “Нүүдэлчин агро” компани, Монгол Улсын Ерөнхий аудитор н.Хүрэлбаатарын “Цэнд стайл” компани тус тус ЖДҮ-ийн сангаас нэн хөнгөлөлтэй зээл авсан байна.
УИХ-ын гишүүд,албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан ашиглаж өөрийн эзэмшлийн болон хамаарал бүхий компаниудад нэн хөнгөлөлттэй зээл авч, мөнгө угаасан байж болзошгүй байна. Нийгмийн дундаж давхрагыг нэмэгдүүлэх, ЖДҮ эрхлэгч аж ахуй нэгжид шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг төвлөрүүлэн хөнгөлөлттэй зээл олгох, дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор ЖДҮ-ийг хөгжүүлэх санд УИХ-аас 2016 онд 56.7 тэрбум, 2017 онд 50.6 тэрбум, 2018 онд 65 тэрбум төгрөгий улсын төсвөөс төвлөрүүлэн өгчээ. Гэтэл зорилтот бүлэгтээ хүрч чадахгүйгээс болж 2019 оны ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн төсвийг танаж багасгалаа.
Монгол Улсын нэгдсэн төсөв хэлэлцэж байгаа энэ цаг үед УИХ-ын нэр бүхий гишүүд, албан тушаалтны энэхүү үйлдлийг шалган шийдвэрлэхгүйгээр улсын төсвийг хэлэлцэх боломжгүй болж байна. Иймд яаралтай арга хэмжээ авч 10 дугаар сарын 30-ны дотор хариу ирүүлэхийнг шаардаж байна. Дурдсан хугацаанд хариу ирүүлэхгүй бол АН-ын бүлэг УИХ-ын чуулганы хуралдаан болон бусад байнгын хорооны хуралдаанд оролцох боломжгүй болж байна” гэжээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ