ФОТО: Мэлхийт хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны түүхт 379 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойн баярыг тохиолдуулан нийслэлийн шав тавьсан газарт байрлах мэлхийт хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Ёслолын арга хэмжээнд НИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга С.Батболд болон Улаанбаатар хотын үе үеийн удирдлага, иргэдийн төлөөлөл оролцлоо.
Хүндэтгэлийн ёслолыг нээж, НИТХ-ын дарга С.Амарсайхан үг хэллээ. Тэрбээр "Бид нийслэлийн өдрийг иргэдийн оролцоонд тулгуурласан, хотын хөгжил, бүтээн байгуулалтын олон талт ажлуудыг зохион байгуулахын зэрэгцээ хийсэн ажлаа тайлагнах өдөр болгон тэмдэглэдэг.

...Улс орны нүүр царай болсон нийслэл хотыг хөгжүүлэх их үйл хэрэгт нийслэлчүүдийн идэвх оролцоо юу юунаас чухал юм. НИТХ-аас нийслэлийн бодлогыг гаргахдаа иргэдийн оролцоог дэмжин ажиллаж байна. Энд хүрэлцэн ирсэн та бүхэд нийслэлийн 379 жилийн ойн мэндийг хүргэж, амьдралд нь сайн сайхныг хүсэн ерөөе" гэв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Бүх нийслэлчүүдээ нийслэл хот үүсэн байгуулагдсаны 379 жилийн ойн баярын мэнд хүргэе. Энэ өдөр бол нийслэлчүүдийн баярын өдөр юм. Бид 2019 онд нийслэл хотынхоо 380 жилийн тэгш ойг тэмдэглэнэ. Энэ ойг хөдөлмөр бүтээлийн өндөр амжилтаар угтах ёстой. Ойд зориулсан олон бүтээн байгуулалтын ажлыг хийж байгаа. Бидний тавьж буй зорилт бол Улаанбаатар хот хүн амьдрахад хамгийн таатай хот байх ёстой гэсэн зорилтыг дэвшүүлж байна. Энэ хотыг бий болгоход хүн бүрийн хүчин зүтгэл, оролцоо чухал. Бид бүхэн сайхан хотод, аз жаргалтай амьдрах учиртай. Тиймээс нийслэлийн удирдлагууд, төр захиргааны байгууллагууд нийслэлийнхээ иргэдтэй хамт сайхан хотыг бүтээн байгуулахын төлөө, сайхан бүхний төлөө зүтгэнэ” гэлээ.
Ёслолын арга хэмжээний үеэр нийслэлийн Сүлдэт хуурыг эгшиглүүлж, Нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ. Мөн Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтсийн зургаан албан хаагч энэ өдөр нийслэлийн баяртай хамтатган гал голомтоо бадраалаа.
Б.Учрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ