Мотоциклийн ослын улмаас 84 хүний амь нас хохирчээ
2018-10-29

 

Амралтын өдрүүдэд /2018.10.27-28/ Тээврийн цагдаагийн албанд нийт 594 дуудлага ирүүлснээс зам тээврийн ослын шинжтэй 406 дуудлага мэдээллийг хүлээн авч шалгалаа.

 

Ослын улмаас орон нутагт 5, нийслэлд 2 хүний амь нас хохирч, 20 хүн хүнд, хөнгөн хэлбэрээр гэмтэж бэртсэн ба орон нутагт гарсан ноцтой зам тээврийн ослын 3 нь мотоцикльтой холбоотой тэр дундаа онхолдох хэлбэрээр гарсан осол бүртгэгджээ.

 

Хөдөө, орон нутагт иргэд мотоциклийг ахуй амьдралдаа, малын бэлчээрт зэргээр өдөр бүр хэрэглэхдээ хамгаалалтын малгай, хэрэгслийг өмсөж хэрэглэдэггүй, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй мотоцикльтой хөдөлгөөнд оролцдог зэргээс шалтгаалж зам тээврийн ослын үед толгой, нуруу нугасандаа хүнд гэмтэл авч амь насаараа хохирох явдал ихээр бүртгэгдэж байна.

 

2018 он гарсаар эхний 9 сард гэхэд мотоцикльтой холбоотой ослын улмаас улсын хэмжээнд 84 хүний амь нас хохирсны 83 нь буюу 99% нь орон нутагт бүртгэгдсэн байна.

 

Иймд мотоциклийг хаана, хэрхэн хэрэглэх зориулалтаас шалтгаалж сонголтоо зөв хийх, мотоциклийг зориулалтын зам, улиралд, техникийн бүрэн бүтэн байдлыг ханган иж бүрэн хамгаалах хэрэгслийг өмсөж хэрэглэн замын хөдөлгөөнд оролцохыг тус албанаас анхааруулж байна.

 

Хоногийн нөхцөл байдлын мэдээллээс үзэхэд нийт бүртгэгдсэн зам тээврийн ослын 12 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 6 нь мөргөлдөх хэлбэрээр гарсан осол байх бөгөөд нийслэлд хүний амь нас хохирсон ноцтой зам тээврийн 2 осол нь ХУД-ийн нутаг Яармагийн зам, Наадамчдын гудамжны замд гарсан ослууд байна. Уг замуудад  жолооч нар хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлдэг, явган зорчигч нар зам товчилж гарцгүй газраар зам хөндлөн гардагтай холбоотойгоор энэ төрлийн осол гарсаар байна.

 

Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчлийг илрүүлэн саатуулж хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллалаа.  

 

Бүртгэгдсэн ноцтой зам тээврийн осол, хэргээс дурьдвал:

 

ХУД-ийн нутаг Яармагийн замд H.Insight маркийн автомашин явган зорчигч 40 орчим насны эрэгтэйг мөргөж амь насыг нь хохироосон,

 

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Еншөөв багийн нутаг “Ачаа чулуу” гэх газар шороон замд Хаужи маркийн улсын дугааргүй мотоцикль онхолдож, жолооч 45 настай Э-н амь нас хохирсон ноцтой зам тээврийн ослууд бүртгэгдсэнийг тус тус шалгаж байна.

Shuud.mn
Сонин хачин