Ж.Бямбадорж: Өсвөр насныхны цахим хэрэглээг хаах нь мэдээлэл авах эрхийг зөрчихгүй
2018-10-30

 

Хуульзүйн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 17 дахь итгэл нь "Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх: Байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилт ба иргэдийн оролцоо”, "Нийслэлийн хот төлөвлөлттэй холбоотой хүний эрхийн зарим асуудал”, "Хохирол нөхөн төлүүлэх эрхийн хэрэгжилтийн зарим асуудал”, "Хилийн боомтод ажиллаж буй мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчдын хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал”, "Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн Зөвлөлөөс өгсөн зөвлөмжүүдийн хэрэгжилт” гэсэн таван үндсэн бүлэг тусгагдсан болохыг хуралдааны эхэнд танилцуулав. Дараагаар нь  гишүүд асуулт тавьж, хариулт авсан юм.

 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

 

-Сүүлийн жилүүдэд нийгмийн амьдралд хамгийн их үүрэгтэй болсон зүйл нь цахим ертөнц.  Цахим ертөнцөөс болж өсвөр насны хүүхэд залуус бусдын дарамт шахалтын золиос болох, нэр төрөө алдах, амь насаа алдаж байна. Сүүлийн үед загвар өмсөгч охин амиа хорлосон, хорлоогүй, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд чат үүсгэж бие биеэ дарамталдаг гэсэн асуудал үүсээд байна. Саяхан бид ХБНГУ-ын мужийнхантай уулзаж, энэ талын зохицуулалт ямар байгаа талаар ярилцлаа. ХЭҮК-ийнхэн энэ асуудлаар ямар зохицуулалт хийж байна вэ?

 

Нөгөө талаас  цахим ертөнцөд аж ахуй эрхэлдэг хүмүүсийг дарамталдаг болчихлоо. Зөвшөөрөлтэйгээр хайгуул хийхээр төрийн бус байгууллага очоод дарамталдаг. Бусад эрхүүдийн биелэлтийн талаар ямар ажил зохион байгуулж байна вэ?

 

ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж:

 

-Цахим ертөнц өсвөр насны хүүхдэд нөлөөлж байна. Энэ байдал маш хүнд байна. Дарамталдаг, зургийг нь авч тавина гэдэг. Үүнтэй яаж тэмцэх вэ, ялангуяа өсвөр насныхантай холбоотой асуудлыг олон улсын хурал дээр байнга тавьж байна. Тиймээс хэрэглээг нь хаахаас өөр аргагүй болоод байна. Энэ бол өсвөр насны хүүхдийн хувьд мэдээлэл авах эрхийг нь зөрчсөн асуудал болохгүй байх. Учир нь гэмт хэргийн нэг суваг болоод байна.

 

Аж ахуй эрхлэгчдийн хувьд анхнаасаа нутгийн иргэдтэй ойлголцох хэрэгтэй. Хүний эрхийн асуудал цаана нь зөрчигдөж л байгаа. Төр лицензээ өгчихөөд, эрхийг нь эдлүүлэхгүй болохоор тэр хүний бизнес эрхлэх эрхийг зөрчөөд байгаа юм.

 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

 

-Нийгмий сүлжээнд бие биенээ гүтгэх, гутаах, доромжлох асуудал газар авсан. Эзэнтэй нэртэй хаягнаас ч, албан бус хаягнаас ч гардаг. Үүнээс болоод хүн амиа хорлох хэмжээний асуудал үүсч байсан. ХЭҮК-ийнхэн энэ асуудал яагаад арга хэмжээ авч тайландаа дурдаггүй юм. Хаана хаанаа ажил хэрэгч, үр дүн гарахуйц хэлэлцдэг баймаар байна.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин