Б.Батзоригийг ХХААХҮ-ийн сайдын үүрэгт ажлаас чөлөөллөө
2018-11-06

 

Гэрэл зургийг MPA.mn

 

УИХ-ын чуулганы нэгдсан хуралдаанаар Б.Батзоригийг ХХААХҮ-ийн сайдаас чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэлэв. 

 

УИХ-ын гишүүн З.Нарантуяа:

 

-Та намын гишүүдээ, танхимын гишүүдээ удирдаж авч чадах нь уу. Та Ерөнхий сайдаар сонгогдохдоо “Надаас, миний танхимаас хууль бус зүйл битгий хүсээрэй” гэж байсан. Таны танхимын гишүүд хууль бус зүйл хийчихлээ. Танд зовлон байгаа байх. Нам доторх зөрчилдөөн  будилаанаа АН-тай хутгаж хэрэггүй. АН-аас танд ямар нэг дарамт саад болсон асуудал тавиагүй.

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

 

-Тантай  санал нэг байна. Миний хүч хүрэхгүй, давж чадахгүй зүйл байна. Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр шүдгүй арслан мэт л байна. Үндсэн хуулиа өөрчлөх хэрэгтэй гэж үзэж байгаа. Тийм учраас Ерөнхий сайд ажлаа хийдэг болохын тулд Үндсэн хуулиа хурдан  өөрчлөх хэрэгтэй. Амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилнэ, ард түмэн бухимддагаараа бухимдана. Тийм учраас бид эрхзүйн орчноо сайжруулж, Үндсэн хуулиа өөрчлөх хэрэгтэй. Би Үндсэн хуулийн өөрчлөлтийн төлөө явж байна. Би тух удахгүй намын бага хурлаа хийнэ. Ард түмэндээ ч тайлагнана.

 

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд аж ахуйн ажилд дарагдлаа. МАН-ын 65 гэдэг нэг хэвэнд цутгасан хүмүүс биш.

 

УИХ-ын гишүүн Я.Санжмятав:

 

-Засгийн газарт хариуцлага тооцох асуудал ярьсан чинь АН-д хариуцлага тооцох асуудлыг яриад эхэллээ. Зээл авсан гишүүдийг харж байхад МАН-ын Удирдах түвшинд хэлэлцсэн асуудал гэж би ч, танай намын болон бусад намынхан ч харж байна. Б.Батзориг өөрөө хариуцлага хүлээж огцорч байгаа. Гэхдээ хариуцлага тооцох нь дээд түвшинд байгаа. Би Б.Батзоригтой залуу байхад нь ажиллаж байсан. Энэ намыг 1000-ын тоо хэлээгүй байхад нь “1000 айлын орон сууц” бариад,  зуд турхантай аймгуудад туслаад явж байсан. Ийм хүн энэ зээлийг хийхгүй, намын даалгавар гэж харж байгаа. Би уучлалт гуйгаад явж байгаад нь сайн гэж бодох ч танай намд суудал авч өгөхийн төлөө их зүйлийг хийсэн байгаа. Бүгдээрээ гөлийж суучихаад нэгнийгээ явах болохоор алга ташаад суухаа болих хэрэгтэй.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-Б.Батзориг гэдэг сайдын тухай яримааргүй байна. Харин энэ хүнийг муу байдалд ороход хүргэсэн Засгийн газар, УИХ-ын гишүүдтэй яримаар байна. Өнөөдөр энэ хүнийг нэг ч өмөөрөхгүй болохоор миний зэвүү хүрээд байна. УИХ-ын гишүүдийнхээ гуйлтыг биелүүлсэн, намын Ерөнхий нарийн бичгийн даргынхаа атганд орсонд энэ хүн буруутаад байна. Ерөнхий сайд аа та өнөөдөр хариуцлага үүр. Маргааш чинь 30 жил, дөрвөн жил боллоо.

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

 

-Олон гишүүдийн хатгаас, захиасаар Б.Батзориг сайд огцорч байна. Тогтолцооны шинэчлэл рүүгээ яаралтай оръё.

 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

 

-ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүд маань ёсзүйн хариуцлага хүлээгээд уучлал гуйчихаачээ. Ёсзүйн дэд хороо хуралдах шаардлага тавьж байна. Хаана хаанаа шударга ёсны асуудал ярихгүй бол болохгүй.

 

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:

 

-Нийт 29 сан байгаа. Хөгжлийн банкны зөрчил гарсан гээд байгаа 1.3 их наяд хаана байна. АСЕМ-ийн мөнгө яах вэ. Бондын 888 төсөлд хариуцлага тооцохгүй юм уу.

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт хэлсний дараагаар ХХААХҮ-ийн сайдын үүрэг ажлаас Б.Батзоригийг чөлөөлөхийг гишүүдийн 76 хувийн саналаар дэмжив.

 

Ийнхүү өнөөдрийн чуулганы хуралдаан өндөрлөлөө. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин