Санхүүгийн салбарын өсөлт тогтвортой үргэлжилж байна
2018-11-06

Санхүүгийн зохицуулах хорооноос өнөөдөр үнэт цаасны, даатгалын, банк бус санхүүгийн болон хадгаламж, зээлийн хоршооны салбарын 2018 оны гуравдугаар улирлын статистик үзүүлэлтүүд болон үйл ажиллагааны тоймыг танилцуулж, цаг үеийн зарим асуудлуудаар мэдээлэл хийлээ.

 

Санхүүгийн салбарын тоймыг Хорооны Судалгаа, эрсдэлийн шинжилгээний хэлтсийн дарга Н.Хүдэрчулуун мэдээлж, хэвлэлийн бага хуралд Үнэт цаасны газрын дарга Б.Лхагвасүрэн, Даатгалын газрын дарга М.Өлзийбат, Хадгаламж, зээлийн хоршооны газрын дарга Ц.Алтантуул, Хяналт шалгалт, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Долгорсүрэн болон Банк бус санхүүгийн байгууллагын орлогч дарга Б.Итгэлсүрэн нар оролцон, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

 

СЭШХ-ийн дарга Н.Хүдэрчулууны мэдээлснээр, Монгол Улсын үнэт цаасны зах зээлийн нийт үнэлгээ энэ оны гуравдугаар улиралд 12.8 хувиар өсөж 2.35 их наяд төгрөгт  хүрсэн байна. Нийт зах зээлийн үнэлгээг 2017 оны жилийн эцсийн ДНБ-д харьцуулахад 8.4 хувьтай тэнцэж байсан бол тайлант хугацаанд 0.9 пунктээр өсчээ.

 

Өнөөдрийн байдлаар нийт 304 хувьцаат компани, 54 үнэт цаасны компани тус зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд ТОП-20 индекс өмнөх оны мөн үеээс 10.5 хувиар өсчээ. “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК болон “Монголын үнэт цаасны бирж” ХХК-аар дамжуулан гуравдугаар улиралд нийт 106.2 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэнээс МХБ-ийн анхдагч зах зээлийн арилжаагаар нийт 30.4 тэрбум төгрөгийн, хоёрдогч зах зээлийн арилжаагаар 44.7 тэрбум төгрөгийн хувьцаа, 30.3 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаас, компанийн 631.6 сая төгрөгийн бонд, МҮЦБ-ийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 279.6 сая төгрөгийн хувьцааг тус тус арилжаалсан байна.

 

Даатгалын салбарын нийт хөрөнгийн хэмжээ 16 хувиар өсөж, 327.6 тэрбум төгрөгт хүрснээс 76.4 хувийг ердийн даатгалын компаниудын хөрөнгө, 21 хувийг давхар даатгалын компани, 2.7 хувийг урт хугацааны даатгалын компаниуд бүрдүүлжээ.

 

Даатгалын компаниудын нийт нөхөн төлбөрийн зардал тайлант улиралд 42.2 тэрбум төгрөгт хүрч, нийт хураамжийн орлогын 34.4 хувийг эзэлж байгаагаас ердийн даатгалын компаниудын нөхөн төлбөр 98.9 хувийг бүрдүүлж байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеээс 30.3 хувиар өссөн үзүүлэлт юм. Тайлант улиралд салбарын татварын дараах цэвэр ашиг 41 хувиар өсөж нийт цэвэр ашгийн хэмжээ 14.4 тэрбум төгрөгт хүрсэн байна. Салбарын өөрийн хөрөнгийн өгөөж 10 хувь, нийт хөрөнгийн өгөөж 4.7 хувь байна.

 

Банк бус санхүүгийн салбарт энэ оны гуравдугаар улирлын байдлаар нийт 540 ББСБ үйл ажиллагаа явуулж байгаагийн дийлэнх буюу 90.9 хувь нь зээлийн үйл ажиллагаа эрхэлж байна. Нийт хөрөнгийн хэмжээ 1.2 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеээс 32.7 хувиар өссөн ба 2018 оны эхний гурван улирлын туршид гучаас дээш хувийн өсөлтийг үзүүллээ. Хөрөнгийн өсөлтийн 74.1 хувь нь зээлийн өсөлтөөс бүрджээ.

 

Мөн салбарын зээлийн нийлүүлэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн үйлчилгээний хүртээмж сайжирсан бөгөөд салбарын зээлдэгчдийн тоо өмнөх оноос 2.1 дахин нэмэгдэж, 217 мянга, харилцагчдын тоо 1.5 саяд хүрсэн дүнтэй байна. Зээлийн үйлчилгээний хүртээмжийн уг өндөр өсөлт нь зээлийн нийлүүлэлтээс гадна технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ зах зээлд нэвтэрч эхэлсэнтэй холбоотой юм. Харин зээлийн бүтээгдэхүүний үнэ болох сарын жигнэсэн дундаж хүүгийн түвшин 3 дугаар улиралд 3.3 хувьтай байгаа бөгөөд хүүгийн түвшин өмнөх улирлын түвшнээс өөрчлөгдөөгүй байна. Нийт орлогын хувьд өмнөх оноос 32.7 хувиар өсөж, 183.9 тэрбум төгрөгт хүрсэн бол нийт ашиг 68.3 хувиар өсөж, 73.5 тэрбум төгрөгт хүрчээ.

 

Хадгаламж, зээлийн хоршооны салбарт нийт 288 хоршоо гуравдугаар улиралд үйл ажиллагаа явуулсан бол Хоршоодын гишүүдийн тоо 61,881-д хүрсэн байна. Тайлант улиралд нийт хөрөнгийн хэмжээ 192.3 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеээс 34.8 хувиар өссөн байна.

 

Салбарын нийт цэвэр ашиг 4.1 тэрбум төгрөгт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеээс 14.1 хувиар өссөн байгаа бол нийт орлого 33.9 хувиар өсөж 29.8 тэрбум төгрөгт хүрсэн байна. Мөн салбарын нийт зээл өнгөрсөн оноос 32 хувиар өсөж 142.2 тэрбум төгрөгт хүрсэн байна. Нийт зээлд эзлэх чанаргүй зээлийн хэмжээ 4.4 хувь буюу 6.2 тэрбум төгрөг болжээ. Нийт ХЗХ-дын 89.2 хувь буюу 257 ХЗХ нь нийт 134.5 тэрбум төгрөгийн хадгаламж төвлөрүүлсэн бол үлдсэн 10.8 хувь буюу 31 ХЗХ нь хадгаламж татаагүй байна. Нийт хадгаламжийн 98.3 хувийг хугацаатай хадгаламж, бусад 1.7 хувийг хугацаагүй хадгаламж эзэлж байна.

 

Хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчид банк бус санхүүгийн байгууллагын салбарын өсөлтийн шалтгаан, ЖДҮХС-аас олгогдсон зээл ББСБ-уудын хувь нийлүүлсэн хөрөнгө рүү орж ирэх боломжтой эсэх, одоогоор Хороонд шинээр IPO гаргах хэдэн санал ирсэн байгаа талаар болон “Монкорд” ХЗХ-ны удирдлагуудтай холбоотой зөрчлийн тухай зэрэг цаг үеийн олон сэдвээр асуулт тавьж, хариулт авлаа.

 

Хэвлэлийн бага хуралд оролцсон Хорооны удирдлагууд, зохицуулалттай санхүүгийн салбаруудад явуулж байгаа чадавхжуулах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх бодлогын хэрэгжилт болон гарч буй үр дүнгийн талаар ярьж, хууль, журмын хүрээнд ББСБ-уудын хувь нийлүүлсэн хөрөнгөнд нарийн чанд хяналт шалгалт хийгдэж тусгай зөвшөөрөл олгогддог учраас ЖДҮХС-гийн зээлийн хөрөнгө банк бус санхүүгийн салбар руу орох боломжгүйг албан ёсоор мэдэгдсэн юм.  Мөн одоогийн байдлаар Хороонд шинээр IPO гаргах хүсэлтээ дөрвөн компани ирүүлээд байгаа бөгөөд хүсэлтүүдийг хянаж, зохих шаардлагуудыг хангуулж буй болон “Монкорд” ХЗХ-ны удирдлагуудтай холбоотой зөрчлийн асуудлыг шалгаж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэв. Түүнчлэн Хорооноос энэ оны эхний гурван улиралд нийт тусгай зөвшөөрөл эзэмшигчдийг бүхэлд нь хамруулсан Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг шалгасан хяналт шалгалтын ажил, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдээс ирж буй өргөдөл гомдол, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэж буй талаар нээлттэй танилцуулав.

 

Эх сурвалж: www.frc.mn

Shuud.mn
Сонин хачин