ШУУД: Ерөнхий сайд Үндсэн хууль зөрчсөн

11:20 цаг: Ингээд байнгын хороодын дүгнэлтээр "УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн санал хураалтыг явуулав. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн "Санал хураалтыг цахимаар нууцаар явуулъя" гэсэн горимын саналыг гишүүдийн олонхи дэмжлээ.
Гишүүдийн олонхийн саналаар УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Ийнхүү өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө.
11:10 цаг: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа:
-Төрийн дээд албан тушаалтнууд УИХ-ыг тараах тухай ярьж байна. Тухайлбал, Ерөнхий сайд өчигдөр УИХ-ыг тараах асуудлыг ярилаа. Энэ бол Үндсэн хууль зөрчсөн асуудал. УИХ-д ажлаа тайлагнах ёстой хүн УИХ-ыг тараана гэж байна. Хэрвээ тийм ажил хийх гэж байгаа бол ажлаа өгөөд, тэр ажилдаа шамдан ор. ҮАБЗ-ийн гурван хүний хоёр нь УИХ-ыг тараах асуудлыг ярьж байна. Үндсэн хуулиндаа захирагдаж ажиллах ёстой. Ийм бусармаг үйлдэл ярьж болохгүй. УИХ-ыг тараах эрх Үндсэн хуулиар зөвхө өөрт нь байгаа. Энэ асуудлыгцааш цаашдаа бодох хэрэгтэй.
Б.Энх-Амгалан: Дөрвөн гишүүн шалгагдаж байгаа
10:30 цаг: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авав.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Хэдэн хүн шалгагдаж байна вэ. Энэ шалгалтын үр дүн гарах уу? Хэдий хугацаанд шалгагдах вэ?
ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:
-Халдашгүй байдлын дэд хороонд таван гишүүн байдаг. Энэ таван гишүүн аль нэг нам, Ерөнхийлөгчийг дагаж гүйгээд байдаггүй. Мөрдөн байцаалт дээр нууц байгаа. Ялангуяа Халдашгүй байдлын дэд хороо хаалттай хэлэлцдэг. Байнгын хороодын хуралдаанд аль алинд нь би суусан. Танилцуулга хийсэн.
Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан:
-Прокурорын байгууллага ямар танилцуулга хийсэнтэй би танилцаагүй. Ер нь гишүүнтэй холбоотой асуудал шалгагдаж байгаа. Гишүүдэд эрүүгийн хэрэг үүсгээгүй, ганцхан Б.Батзориг гишүүд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Шалгалтын нөхцөл байдлаас шалтгаалж асуудал хэлэлцэгдэнэ. Захиалагчийн асуудал одоогоор яригдаагүй байна. Хэрвээ тодорхой асуудал гарвал шалгана. Нэлээн өргөн хүрээтэй шалгалт явагдаж байгаа. Зөвхөн ЖДҮ-ийг хөгжүүлэх санд биш бусад санг шалгаж байгаа. Шалгалтын хугацааг хэлж мэдэхгүй нь.
УИХ-ын гишүүн Л.Болд:
-Цаашдаа үүсээд байгаа нөхцөл байдал ямар үр дүнд хүрэх вэ? Олон түмнийг тайвшруулах хэрэгтэй байна. Намайг баалах яах вэ? Ёсзүйн дэд хорооны дарга хуралдаанаа хийх хэрэгтэй байна.
Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан:
-Монгол Улсын Ерөнхий прокурорын үүрэгт гишүүний ёсзүйн асуудлыг тавих эрх хэмжээ байхгүй. Би зөвхөн эрүүгийн хэрэгт яллагдагчаар татаж, яллах үйл ажиллагаа явуулдаг хүн. Тиймээс би Ёсзүйн хороонд бичиг өгөөгүй.
ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:
Зарим асуудалд цагдаа оруулахаас цэрвээд байх шиг байна. Надтай холбогдож магадгүй гэж. Би тийм аахар шаахар зүйлээс айж, хууль зөрчихгүй. Би айдгаа авдартаа хийсэн хүн. Цагдааг дахиж ёс бус ажиллагаанд оролцуулахгүй шүү. Цагдааг сүрдүүлдэг асуудал байсан. Одоо ийм зүйл гаргахгүй Цагдаад ажиллаж байгаад асуудалд холбогдсон бол хайр найргүй шалгуулж байгаа шүү. Цагдаад хүн хүч, нөөц, сүлжээ, чадавхи байна. Ерөнхий прокурор хүн хүч хэрэгтэй болж асуудал тавьбал ажлыг нь дэмжихэд бэлэн. УИХ-ын асуудал сэтгэлийн хөөрлөөр хандаж болохгүй.
Ц.Нямдорж: Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн
09:50 цаг: Чуулганы хуралдаанд Монгол Улсын Ерөнхий прокурор Л.Энх-Амгалан УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ирүүлснээ танилцууллаа. Үүнтэй холбогдуулан ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:
-Асуудлыг дөнгөж эхэлж, яллагдагчаар татаж байх үед бүрэн эрхийг түдгэлзүүлэх боломжгүй гэсэн байр суурийг илэрхийлж байна хэмээлээ.
Хуульзүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэлгүй гэж үзжээ.
М.Энхболд: Оюутнуудыг жагсаалд уриалж байгааг буруутгаж байна
09:30 цаг: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан гишүүдийн 52 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэх юм. УИХ-ын дарга М.Энхболд хуралдаан эхлэхийн өмнө 2019 оны улсын төсөв, дагалдах хуулиудын эцсийн найруулгыг сонслоо. Дараагаар нь УИХ-ын гишүүн Л.Болд:
-Өнөөдөр УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудлыг ярьж байна. Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдсон тул гэсэн бичиг ирүүлжээ, прокурор. Энэ асуудал нэг биш нэлээд хүний нэр яригдаж байгаа. Намын бүлэг шийдвэр гаргажээ. Танай намын Ерөнхий нарийн бичгийн дарга өөрөө энэ асуудалд оролцсон байгаа. Маргааш үндэсний бахархлын өдөр. Ардчилсан хувьсгалыг танай намын жирийн гишүүд дэмжиж, цус гарахгүй хийж байлаа. Одоо харин 64-ийн бүлэг ард түмний эсрэг шийдвэр гаргаж байна. Харин хуулийн асуудалд намын шийдвэр байж болохгүй . Оюунтууд жагсах хэрэгтэй. Оюутнуудад уриалмаар байна. гэлээ. УИХ-ын дарга М.Энхболд:
-Энэ бол хариуцлагын, хүн ёсны асуудал. Өнөөдөр ганц ийм асуудлыг хэлэлцээд байгаа юм биш. Өнгөрсөн жилүүдэд ч ийм асуудал хэлэлцэж байлаа. УИХ-ын чуулганы танхимын хуралдаан дотроос оюутнуудыг буруу зүйлд уриалж байгааг буруутгаж байна.
Ингээд УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж эхэллээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ