Хүний эрхийн 17 дахь илтгэлийг УИХ хэлэлцэж тогтоолын төсөл батлахаар боллоо
2018-11-14

 

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 17 дахь илтгэл”-ийг 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Улсын Их хуралд өргөн барьсан билээ. Тус илтгэлийг УИХ-ын Хүний эрхийн дэд хороо, Хууль зүйн байнгын хорооны хуралдаануудаар хэлэлцэж, Хууль зүйн байнгын хороо түр завсарлага аваад байсан юм. Харин тус байнгын хороо 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 17 дахь илтгэл”-д тусгасан хүний эрхийн асуудлыг шийдвэрлэх саналуудыг хэрэгжүүлэх тогтоолын төсөл батлахыг олонхийн саналаар дэмжлээ.

 

Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх энэ жилийн илтгэлд "Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх: Байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилт ба иргэдийн оролцоо”, "Нийслэлийн хот төлөвлөлттэй холбоотой хүний эрхийн зарим асуудал”, "Хохирол нөхөн төлүүлэх эрхийн хэрэгжилтийн зарим асуудал”, "Хилийн боомтод ажиллаж буй мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчдын хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал”, "Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн Зөвлөлөөс өгсөн зөвлөмжүүдийн хэрэгжилт” гэсэн 5 бүлэг асуудлыг оруулсан бөгөөд Улсын Их Хурлаар шийдвэр гаргуулахаар 16 санал хүргүүлээд байсан юм.

 

Хүргүүлсэн санал:

 

Нэг. Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн асуудлаар

 

1. Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийн асуудлаар шийдвэр гаргуулах, арга хэмжээ авахуулахаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаархөмнөх илтгэлүүдэд тусгасан санал, зөвлөмжийг цаг алдалгүй хэрэгжүүлж олон нийтэд мэдээлэх;

 

2.Уул уурхайн үйл ажиллагааны стандарт, хүний аюулгүй байдал болон хүрээлэн буй орчинд үзүүлдэг сөрөг нөлөөллийг багасгах, уурхайн хаалт, нөхөн сэргээлтийг олон улсын жишигт нийцүүлэн гүйцэтгэх асуудлыг зохицуулсан хуультай болох;

 

3.Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчиж байгаа Улаанбаатар хотын агаар, ус, хөрсний бохирдлыг арилгах, хот, суурин газрыг дахин хөгжүүлэх, дэд бүтцийг сайжруулах талаар хууль тогтоомжид заасан үйл ажиллагааг цаг тухайд нь хэрэгжүүлж олон нийтэд тогтмол мэдээлж байх;

 

4. Цэвэр усны түгээлт, хэрэглээнд хэмнэлтийн горим болон үйлдвэрлэлийн хэрэгцээнд саарал ус ашиглах дэвшилтэт технологийг нэвтрүүлэх асуудлыг зохицуулсан бодлого, эрх зүйн орчин бүрдүүлэх;

 

Хоёр. Нийслэлийн хот төлөвлөлттэй холбогдох хүний эрхийн асуудлаар

 

5.Хот төлөвлөлтийн төсөл хөтөлбөрийн хүрээнд газраа чөлөөлж,үл хөдлөх эд хөрөнгөгүй болж хохирсон иргэдийн хохирлыг нэн даруй барагдуулах арга хэмжээ авах;

 

6.Хот суурин газрыг хөгжүүлэх харилцааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох иргэдийгамьдрах байраар хангасан нөхцөлд газар чөлөөлж үл хөдлөх эд хөрөнгийг буулгах, гэрээгээр тохирсон хугацаанд байр олгоогүй нөхцөлд үүрэг хүлээсэн төрийн болон бусад байгууллага, аж ахуйн нэгж бүрэн хариуцдаг зохицуулалттай болох;

 

Гурав. Хохирол нөхөн төлүүлэх эрхийн асуудлаар

 

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт "Хуульд өөрөөр заагаагүй бол төлбөр төлөгчийн гадаадад зорчих, цагаачлах эрхийг түдгэлзүүлэхийг хориглоно” гэсэн нь Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан "...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах эрхийг түдгэлзүүлсэн шүүх, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шийдвэр байгаа бол шийдвэрт заасан хугацаагаар гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах эрхийг түдгэлзүүлнэ” гэсэн заалттай зөрчилдөж байх тул дээрх хуулийн заалтуудыг нэг мөр болгож, холбогдох хуульд өөрчлөлт оруулах;

 

8. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын шатанд хохирол нөхөн төлүүлэх зорилгоор эд хөрөнгө битүүмжлэх; мөн хохирол нөхөн төлүүлэх ажиллагааг зөвхөн шүүхийн зөвшөөрлөөр явуулах талаар хуульчлах;

 

9. Монгол Улс олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, гэмт хэргийн улмаас хохирсон амь нас, сэтгэл санаа болон гэмтлийн улмаас дахин нөхөн сэргээгдэхгүй эрүүл мэндэд учирсан эдийн бус хохирлыг мөнгөн дүнгээр үнэлэх, тооцох аргачлалыг холбогдох байгууллагууд нэн даруй батлан гаргаж практикт хэрэглэх;

 

10. Төр хариуцах төлбөрийн тухайн жилд шаардагдах зардлыг улсын төсөвт тусгах, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу төрийн байгууллага, албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад учирсан хохирлыг тухай бүрт нь олгодог байх;

 

Дөрөв. Хилийн боомтод ажиллаж буй мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтнуудын хөдөлмөрлөх эрхийн асуудлаар

 

11. Хилийн мэргэжлийн хяналтын алба, хэлтсийн ажлын байрны болон амьдрах байрны орчин нөхцөлийг сайжруулахад шаардагдах төсвийг гаргах;

 

12. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас улсын байцаагчийн дүрэмт хувцасны норм, эдэлгээний хугацааг батлан гаргах, мөрдөж ажиллах, цаашид тогтоосон хугацаанд хангалтыг хийх, чанар хүртээмжийг сайжруулах;

 

13. Хилийн боомтуудад орчин үеийн иж бүрэн тоног, төхөөрөмжөөр тоноглогдсон лабораторийг байгуулах, хүчин чадлыг нэмэгдүүлэх, холбогдох төсвийг гаргаж, шаардлага хангаагүй хүнс, хүнсний түүхий эдийг хилээр нэвтрүүлэхийг таслан зогсоож Монгол Улсын үндэсний болон хүнсний аюулгүй байдлыг хамгаалах;

 

Тав. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн Зөвлөлөөс өгсөн зөвлөмжүүдийн хэрэгжилтийн асуудлаар

 

14. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн Зөвлөлийн зөвлөмжийн биелэлтийн мэдээллийн нэгдсэн сантай болох;

 

15. Хүний эрхийн олон улсын гэрээний албан ёсны орчуулгын чанарыг сайжруулах, үндэсний хууль тогтоомж, хүний эрхийн олон улсын гэрээний нэр томъёог нэг мөр болгох;

 

16. Ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийг үнэлэх, шалгуур үзүүлэлтийг тодорхойлж хэрэгжилтийн явцын тайланг жил бүр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, зохих шийдвэрийг гаргаж байх;

Shuud.mn
Сонин хачин