Баян-Өлгий аймагт төрийн өмч үнэгүйдэж байна
2018-11-15

 

 

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баян-Өлгий аймгийн төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалт хийж, зарим зөрчил дутагдлыг илрүүлэн ажиллаж байна.

 

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор аймгийн нутаг дэвсгэрээс ахуйн зориулалтаар барих агнуурын загасны тоо, ойн сангаас бэлтгэх модны хэмжээ, тусгай хамгаалалттай газраас бэлтгэх модны дээд хязгаар, тариалангийн бүс, баяр наадмын тээврийн хэрэгслийн зөвшөөрлийн үнэ зэргийг тогтоосон, мөн “Орон нутгийн өмчийн хөрөнгийг түрээслэх журам”-ыг захиргааны хэмжээний актаар нэгдсэн бүртгэлд оруулалгүй мөрдлөг болгож байна. Тиймээс дээрх хууль зөрчсөн шийдвэрүүдийг аймгийн ИТХ-ын хуралдаанаар шийдвэрлэн хүчингүй болгохыг Ажлын хэсгээс бичгээр мэдэгдлээ.

 

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс сүүлийн 2 жилийн хугацаанд нийт 2 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө акталж, данснаас хассан байна. Ингэхдээ байгууллагын үндсэн хөрөнгийг захиран зарцуулах, хувьчлах, худалдах, устгах, элэгдэл хорогдлыг тооцсон зүйл байхгүй. Мөн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг худалдах, хувьчлах, устгахад холбогдох эрх бүхий байгууллагын санал дүгнэлтийг авалгүйгээр хөрөнгийг акталсан байна.

 

Сумын ИТХ нь тухайн орон нутгийнхаа хөрөнгийн өмчлөгч нь байхаар хуульчилсан байтал аймгийн ИТХ-аас сумын ИТХ-ын эрх хэмжээнд халдаж хөрөнгийг нь худалдах, хувьчлах, бусдын өмчлөлд шилжүүлэх, акталж устгах шийдвэрийг гаргажээ. Уг акталж байгаа хөрөнгөд мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр ашиглалт хэвийн, цаашид үйл ажиллагаандаа ашиглаж болохуйц тоног төхөөрөмж, эд хөрөнгийг актлаж хассан, ашиглагдаж болохуйц хөрөнгийг эргүүлэн эргэлтийн хөрөнгөнд ашиглах талаар гаргасан шийдвэрийг хэрэгжүүлж ажиллаагүй байна. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс эд хөрөнгийг актлах талаар гаргасан шийдвэрийн биелэлт хангалтгүй, шийдвэрийн мөрөөр өмч хөрөнгийг одоо болтол акталсан, устгасан, шилжүүлсэн зүйл байхгүйгээр хадгалж байгаа тохиолдол ч байна.

 

Орон нутгийн өмч хөрөнгийн ашиглалт, хадгалалт хамгаалалтад тавих хяналт сул байна. Бүртгэл судалгаа, мэдээлэл байхгүй, албан үүрэгтээ хайнга хандаж байна. Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын үр ашгийг дээшлүүлэх, менежментийг сайжруулах чиглэлээр шаардлагатай арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. Одоо ажиллаж буй орон нутгийн өмчит газрууд нь ашигтай ажилладаггүй, амь аргацаасан, зардлаа нөхөх, цалин хөлсөө тавих хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа, төрийн байгууллага, хувь хүн хуулийн этгээдүүдийн хооронд их хэмжээний өр авлага үүсч шийдэгдэхгүй удсан зэрэг нөхцөл байдалтай байна. 2012 онд үүсгэн байгуулсан “Жана Өлке” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь огт ажиллаагүй, ажилтнууд нь цалин хөлсөө ч авч чадахгүй зогсонги байдалд орж төрийн өмч үнэгүйдэж байна.

 

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баян-Өлгий аймгийн шүүх, хууль сахиулах байгууллагыг оролцуулан авлига, албан тушаалын гэмт хэргийг хянан шийдвэрлэх талаар санал солилцож, уулзалт зохион байгууллаа.

Shuud.mn
Сонин хачин
Hamgiin adgii shaarnuud
2018-11-15
Umhii nogoorson hasguud manai mgl ornoos toniltsogoo
2018-11-15