Японы кибер аюулгүй байдлын сайд компьютер хэрэглэж үзээгүй
2018-11-16

Японы кибер аюулгүй байдлын сайд Ёшитака Сакурадатай холбоотой дуулиан саяхнаас хэвлэлээр цацагдсан юм. Түүнийг огт компьютер хэрэглэж үзээгүй хэмээн шуугиж байжээ.

 

 

Тэгвэл уг дуулиантай холбогдуулан сайд мэдэгдэл хийж, компьютер огт хэрэглэж үзээгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. 

 

Өдгөө 68 настай Ёшитака Сакурадаг өнгөрөгч сард сайдаар томилсон юм.  Тэрбээр ирэх 2020 онд Токио хотноо зохион байгуулагдах зуны олимпийн кибер аюулгүй байдалд хяналт тавих үүрэгтэй гэнэ. 

 

Ардчилсан намын Масато Имаи өөртэй нь холбоотой дуулианы талаар асуулт тавихад тэрбээр "Би 25 настайдаа бие даан амьдарч эхэлсэн. Энэ хугацаанд ажилчид болон нарийн бичгээрээ ажлуудаа хийлгэж ирсэн. Би ганц ч удаа компьютер хэрэглэж үзээгүй" гэж хариулжээ. 

 

Уг хариултыг сонссон гишүүн "Кибер аюулгүй байдлын сайд компьютер хэрэглэж чадахгүй гэдэгт итгэхийн аргагүй юм" гэв. 

 

Сайдын туршлагагүй байдал салбарт нь сөргөөр нөлөөх эсэхэд тэрбээр "Миний багт туршлагатай хүмүүс бий. Миний дутмаг байдал энэ салбарт сөргөөр нөлөөлөхгүй" гэж хэллээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин