Интерполын тэргүүнээр Орос эрхэм сонгогдож магадгүй
2018-11-19

БНХАУ-ын эрх баригчид Интерполын ерөнхийлөгч асан Мэн Хонвэйг эрх мэдлээ урвуулан ашигласан, авлига авсан хэмээн буруутган, өнгөрөгч сард Бээжин хотноо ирэх үед нь баривчилсан билээ.

 

 

Мэн Хонвэйг Бээжинд очих үедээ сураггүй болсон ба энэ талаар эхнэр нь мэдэгдэж, олон улсаас тусламж хүссэн билээ. Бээжин олон нийтийн шахалтаас болж, түүнийг баривчилсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм.

 

Тэрбээр баригдсан даруйдаа Интерполын тэргүүнээс огцрох хүсэлтээ гаргасан гэдгийг албаныхан баталжээ. Дэлхийн нэр хүндтэй байгууллага удирдан чиглүүлэх эрхэмгүйгээр хэсэг хугацааг өнгөрүүлсэн гэхэд болно.

 

Тэгвэл Интерполын ерөнхийлөгчийн албан тушаалд ОХУ-ын иргэн Александр Прокопчук яригдаж эхэлсэн талаар "www.bloomberg.com" сайт мэдээллээ.

 

Тэрбээр Ерөнхийлөгчийн дараа орох Интерполын гурван салбарын даргын нэг гэнэ. "Ерөнхийлөгчийн албан тушаалд гурван нэр дэвшигч өрсөлдөж байгаа ба тэрбээр тэргүүлэх магадлал өндөр байгаа" талаар ойрын эх сурвалжууд өгүүлэв. 

 

Александр Прокопчук өмнө ОХУ-ын Дотоодын хэргийн яаманд өндөр албан тушаал хашиж, 2005 оноос Интерполд ажиллах болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин