Алт тушаах АМАРХАН болжээ
2018-11-20

-Дархан-Уул аймгийн сорьцын лабораторид сарын хугацаанд 99 кг алт цэвэршүүлжээ-

 

Засгийн газрын 151 дүгээр тогтоолоор бичил уурхайгаар алт олборлох тухай журам гарсан. Дараа нь Засгийн газрын 275 дугаар тогтоолоор Баянхонгор, Дархан-Уул аймагт Үнэт металлын сорьцын лаборатори байгуулан, алт худалдан авах нэг цэгийн үйлчилгээг эхлүүлсэн.

 

Дархан-Уул аймаг дахь лабораторийг байгуулах ажилд Швейцарын хөгжлийн агентлаг болон Монголбанкнаас 395 сая төгрөгийн санхүүжилт олгожээ. Тус агентлагаас Дархан-Уул аймаг дахь үнэт металлын сорьцын лабораторитай танилцах аяллыг энэ сарын 16-17-ны өдрүүдэд сэтгүүлчдийн дунд зохион байгууллаа.

 

 

Дархан-Уул аймгийн Стандарт хэмжилзүйн хэлтсийн дэргэдэх алт болон бусад үнэт зүйлсийн сорьц тогтоох лаборатори энэ оны аравдугаар сарын 15-нд /2018.10.15/ нээлтээ хийсэн бөгөөд одоогоор гурван мэргэжилтэн ажиллаж байна. Уг лаборатори нь Австрали улсад үйлдвэрлэгдсэн сүүлийн үеийн алт хайлуулж, гулдмайлах гурван зуухтай. Зуухнууд нь 10 грамм алтнаас 3 кг хүртэлх алт хайлуулах, 3 кг-аас 10 кг алт хайлуулж, гулдмайлах тус тусын хүчин чадалтай аж.

 

Лаборатори нээгдсэнээс хойш нэг сарын хугацаанд нийтдээ гурван аж ахуй нэгж, 12 иргэнээс 99.8 кг алт /бохир жин/ хүлээн авч цэвэршүүлжээ. Хайлалтын өмнөх жин нь 99.8 кг байсан бол хайлалтын дараагийн цэвэр жин нь 98.2 кг болж, сорьцын жингээр 95.8 кг буюу 64 гулдмай болсон байна. Энэ алтны дийлэнхийг иргэд буюу бичил уурхай эрхлэгчид тушаасан болохыг лабораторийн эрхлэгч Ч.Бархас хэлж байлаа.

 

 

Зарим иргэд алт л бол алт. Алтыг шинжилж, үүсэл гарлыг нь тогтооно, дээж авна гэх зэргээр “хумсалдаг” мэтээр ойлгодог. Тэгвэл энэ талаар Дархан-Уул аймаг дахь үнэт металлын сорьцын лабораторийн эрхлэгч Ч.Бархас “Байгалийн алтны сорьц өөр өөр байдаг. Тухайлбал нэг килограмм алт байхад 999 сорьц рүү шилжүүлэхэд жин нь өөр болно. Алтыг дагаад мөнгө, зэс зэрэг байгалийн олон төрлийн металууд явдаг. Түүнийг сорьцлоод 999 рүү шилжүүлэхээр хэд болох вэ гэдгийг тодорхойлдог юм. Дархан, Сэлэнгийн бүсийн манайд сорьцлуулсан алтны сорьц нь 850-930-ын хооронд байсан. 99 кг алтны дийлэнхийг иргэд тушаасан. Байгууллагын нууцтай холбоотой учраас илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

 

Лабораторийн үйл ажиллагаатай танилцах явцад нэгэн иргэн 249 грамм алтаа хайлуулж, цэвэршүүлэхээр ирсэн байв. Уг алтыг 1200 градусын халуун зууханд хайлуулж, цэвэршүүлж гулдмайлаад гурван граммыг нь дээжинд авч үлдэв. Энэхүү дээжийг тодорхой хугацааны дараа буцаан иргэнд олгодог байна.

 

Өдөрт зарим үед 5 хүртэл кг алт, дунджаар 1-2 кг алтыг хүлээн авч хайлуулж, цэвэршүүлдэг байна. Хайлж, гулдмайлсны дараа дээжийг авч сорьцолдог. Сорьцлуулах үйл ажиллагаа гурван цаг орчим явагддаг байна. Энэ хугацаанд иргэн банкинд хандаж алтны мөнгөн дүнгийн 60-70 хүртэлх хувийг урьдчилааад авчихаж болж байна.

 

Алтаа тушаасан иргэн “Миний хувьд тавдугаар сараас 11 сар хүртэлх хугацаанд 10 килограмм алтыг Монголбанкинд тушаасан. Энэ лаборатори байгуулагдахаас өмнө Улаанбаатарт очиж Монголбанкинд алтаа тушаадаг байхад чирэгдэл ихтэй, өглөө үүрийн дөрвөн цагт очиж оочерлодог байсан. Утсаар оочер авна. Гэтэл 12.00 цагаас оочер авахад таван минутын дарааа оочер дуусчихсан байх зэрэг хүндрэл ихтэй байсан. Алтаа авч явж байгаад алдчих вий гээд айдас ч ихтэй байсан. Аймагт лаборатори байгуулагдсанаар дуртай цагтаа ирээд өгч байна. Ханшаа харж байгаад эрсдэл ихтэй байх юм бол өгөхгүй маргааш нь өгчихөж болж байна. Алт хайлуулах явцыг цонхоор хараад зогсож байдаг болохоор алтнаас минь авчих вий гэх хардлага байхгүй” хэмээн ярилаа.

 

Өмнө нь Улаанбаатар хотод очиж төв лабораторид  дугаарлаж байж алтаа цэвэршүүлдэг байсан. Энэ үед цаг хугацаа, замын нөхцөл байдал зэргээс хамааран олон асуудал тулгардаг байсан бол орон нутагт нь лаборатори нээгдснээр алт тушаах хялбар болсон гэдгийг бичил уурхайчид хэлж байлаа.

 

 

Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтсийн захирал Б.Жавхлан “Лаборатори нээгдсэнээс хойш 33 кг алтыг Монголбанк хүлээн аваад байна. Мөн арилжааны банкнаас Капитрон банк иргэд, аж ахуй нэгжээс алт хүлээж авч байна. Капитрон банк Монгол банкны ханшаар алт худалдан авч байгаа. Эргээд эцсийн тушаалтыг манай банкинд нийлүүлдэг. Монголбанк ч мөн Улаанбаатарын ханшаар алтыг хүлээн авч байгаа. Иргэд, аж ахуй нэгжийн зүгээс алтыг орон нутагт сорьцолж, хүлээж авдаг болсонд нэлээд талархалтай хандаж байна. Учир нь албан ёсны лицензтэй талбайгаас олборлолт хийгээд, заавал Улаанбаатар руу явалгүйгээр, дундын зуучлагчгүйгээр Улаанбаатарын ханшаар орон нутагтаа өгч байна. Монголбанкны эрдэнэсийн санд алтаа тушаах нь эргээд Монгол Улсын эдийн засагт оруулж буй том хөрөнгө оруулалт юм” гэв.

 

 

Дархан-Уул аймагт нийт 22 нөхөрлөл үйл ажиллагаа явуулахаар гэрээ хийсэн байна. Шарын гол суманд 19, Хонгор суманд 3 нөхөрлөл бүртгэгдээд сумдын засаг даргатай гэрээ байгуулжээ. Үүнээс идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа таван нөхөрлөл байгаа аж. Тэдний нэг “Буянтын хөндий” ТББ-ын бичил уурхайчид Дархан-Уул аймаг дахь энэхүү үнэт металлын сорьцын лабораторид хайлуулсан 99 кг алтны дийлэнхийг нийлүүлэн хайлуулж, цэвэршүүлж эх орныхоо алтыг Монголбанкны эрдэнэсийн санд тушаажээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин