Сэтгүүлчийн үхэлтэй ханхүүг холбох нь жигшүүртэй хэрэг
2018-11-22

Саудын Арабын Гадаад хэргийн сайд Адел аль-Жубейр өчигдөр Британийн "ВВС" агентлагт сүүлийн үеийн асуудлаар ярилцлага өгчээ.

 

 

Сайд ярилцлагынхаа эхэнд Туркт амиа алдсан сэтгүүлч Жамал Хашоггигийн хэрэгтэй угсаа залгамжлах ханхүү Мохаммед Бин Салман ямар ч холбоогүй гэж мэдэгджээ.

 

АНУ-ын Тагнуулын газар сэтгүүлчийн аллагыг ханхүү захиалсан хэмээн мэдэгдсэн ч Ерөнхийлөгч Дональд Трамп энэхүү дүгнэлтээс эсрэг байр суурьтай байна. 

 

"Бид иргэн бүрийнхээ аюулгүй байдал санаа тавьдаг. Энэ бол бидний үүрэг. Гэхдээ Саудын Арабын эзэн хаан болон ханхүүгийн талаар жигшүүрт мэдээ тараахыг бид хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Сэтгүүлчийн үхэлтэй ханхүүг холбох нь жигшүүртэй хэрэг. Угсаа залгамжлагчийг буруутан мэтээр ярих нь буруу. Бүх зүйл баримттай байх учиртай" гэж сайд мэдэгджээ. 

 

Сэтгүүлч Жамал өнгөрөгч сарын 2-нд Туркийн Инстанбулын Саудын Арабын консулын газарт очсоныхоо дараа сураггүй болсон юм. Уг хэргээс  долоо хоногийн дараа Саудын Арабын эрх баригчид сэтгүүлчийг золгүй байдлаар амиа алдсан хэмээгээд гэр бүлд нь эмгэнэл илэрхийлжээ. Жамал консулын ажилчидтай маргалдаж, нударга зөрүүлэх үедээ амиа алдсан гэнэ. 

 

Гэхдээ уг мэдээллийг Турк болон олон улс хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, цогцсыг нь гэр бүлд нь хүлээлгэн өгч, албан ёсоор задлан шинжилгээ хийхийг шаардсаар байгаа юм.

 

Саудын Арабын прокурорууд өнгөрөгч долоо хоногт "сэтгүүлчийн аминд хүрсэн 17 этгээдийг баривчилсан, таван этгээдэд цаазын ял оноохоор төлөвлөж буй" гэж мэдэгдсэн билээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
zerleguud soyoljih boloogui ee.
2018-11-22