Г.Батцэнгэл: Монголынхоо говийг хамтдаа таниулна
2018-11-22

Байгаль, зэрлэг амьтдын тухай үзүүлдэг “Хүрээлэн. Амьд ертөнцийн цуврал” нэвтрүүлгийг  бид телевизийн дэлгэцээс шимтэн сонирхох болсоор 5 жил өнгөрчээ. “Хүрээлэн” төслийн баг таван жилийнхээ ойгоор бас нэгэн шинэ цуврал  эхлүүлэх гэж байна. Энэ удаад олны танил шинэ хөтлөгчид, зураг авалтын шинэ техник хэрэгсэлтэйгээр “Говийн таван гайхамшиг” хэмээх цуврал контент бүтээх болжээ. Говийн байгалийн өвөрмөц гайхамшгийг таниулах энэ төслийг Өмнөговьд үйл ажиллагаа явуулдаг “Энержи Ресурс” ХХК хамтран хэрэгжүүлэх юм. 2019 оны хавар үзэгчдэд хүрэх шинэ төслийн талаар “Энержи Ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэлтэй цөөн хором ярилцлаа.

 

 

-Яагаад “Хүрээлэн”-тэй хамтарч төсөл хэрэгжүүлэх болсон талаар тодруулья?

 

-“Хүрээлэн” бол эх орныхоо гайхам сайхан байгаль, өвөрмөц онцлогийг олон нийтэд таниулах, ховор зэрлэг амьтдын дүрс бичлэг, гэрэл зургийг олж авах, хадгалж үлдээх том төсөл. Гэрэл зурагчин У.Ганбаярын санаачлан удирдаж байгаа энэ төсөл ирээдүйд соёлын өв болж үлдэнэ. Нэвтрүүлгүүд анх гарч эхэлсэн үеэс л энэ төслийн явцыг анхааралтай ажиглаж, сонирхож үзсэн. Энержи Ресурс компани нийгмийн хариуцлагын хүрээнд байгаль, соёлын өвийн бие даасан хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг. 2018 онд 10 жилийнхээ ойгоор бид говийн байгалийг таниулах, сурталчлах, баримтжуулж авч үлдэх ажлыг төлөвлөж, “Хүрээлэн” төсөлтэй ярилцаж, хэлэлцсэний үндсэн дээр “Говийн таван гайхамшиг” цуврал бүтээх болсондоо баяртай байгаа.

 

-“Говийн таван гайхамшиг” цувралыг бэлтгэхэд танай оролцоо, хамтын ажиллагааны хэлбэр юу байх вэ?

 

-Дижитал хэлбэрээр олон жил хадгалагдах датаг цуглуулахад өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмж шаардлагатай. Бас байгалийн сайхныг уран бүтээлч өөрийн нүдээр камертаа тусгана гэдэг хариуцлагатай чухал ажил. Тэгэхээр ийм төрлийн контент бүтээгчдийн гол зэвсэг нь зураг дүрс, дуу бичлэг хийх камер хэрэгсэл. Мэдээж үүнд багагүй зардал орно. Тодорхой, тогтвортой эх үүсвэр хэрэгтэй. Энэ тал дээр хамтран ажиллаж, техникийн дэмжлэг үзүүлж байгаа.

 

-Танай компанийн энэхүү оролцоо дэмжлэг, хамтын ажиллагааг нийгмийн хариуцлагын том, тод илрэл гэж ойлгож байна?

 

-Манай компани ашгийнхаа тодорхой хэсгийг нийгмийн сайн сайханд чиглэсэн, тэр дундаа урт хугацааны өгөөжтэй, оюуны хөрөнгө оруулалтад зориулахыг чухалчилдаг. Компаниуд бүгд л энэ улс, нийгмийн нэг хэсэг шүү дээ. Тусдаа амьдраад, тусдаа хөгжинө гэсэн ойлголт байхгүй. Бид бүгдээрээ амьдарч байгаа нийгмийнхээ салшгүй нэг хэсэг нь. Жирийн иргэн ч улсынхаа, ард түмнийхээ, үр хойчынхоо, ахмад буурлынхаа өмнө ямар үүрэг хүлээдэг билээ. Түүнтэй адил компани бүр нийгэм, төр засаг, ард иргэдийнхээ, ажилчдынхаа өмнө тодорхой хэмжээний үүрэг хариуцлагаа үүрээд явдаг. “Энержи Ресурс” ХХК бол говийн бүс нутагт ажлаа эхлүүлээд 10 дахь жилээ үдэж байгаа, хариуцлагатай уул уурхайн жишиг тогтоохоор ажиллаж байгаа компани. Манай нийгмийн хариуцлагын бодлого бол нэг удаагийн тэтгэлэг, богино хугацааны хөтөлбөр биш урт хугацаанд үр өгөөжөө нийгэмд өгөх төсөл хамтран хэрэгжүүлэх явдал юм.

 

-Залуу, хойч үеэ эх орноо хайрлах, байгаль хамгаалах зөв дадал, хүмүүжилтэй болгохыг зорьж байгаа энэхүү төслийн гол үр өгөөжийг товчхоноор юу гэж тодорхойлох вэ?

 

-Монголчууд бид аялал жуулчлал хөгжүүлнэ гэж их ярьдаг. Гадаадаас сая жуулчин татна гэдэг. Миний хувь хүний үзэл юу вэ гэвэл, Монголд бэлэн гурван сая дотоодын жуулчин байна, боломжит энэ жуулчдыг зах зээлийн эргэлтэд идэвхтэй оролцуулах хэрэгтэй гэж боддог. Сүүлийн жилүүдэд аймаг, орон нутаг руу шинэ зам эрчимтэй тавигдаж байгаатай холбоотойгоор монголчууд бид гадаадад жуулчлалахаас илүүтэй эх орноороо аялах хандлага нэмэгдсэн. Энэ бол жам ёсны, зөв хандлага. Аялал жуулчлалыг хөгжүүлэх гол багана нь дотоодын жуулчид байгаасай гэж би хүсдэг. “Хүрээлэн. Амьд ертөнцийн цуврал”-ын телевизийн нэвтрүүлэг, дижитал контентоор төсөөлөл авсан хүмүүс эх орныхоо байгалийн үзэсгэлэнт сайхан газруудаар аялах, бахархах сэдэл илүү ихээр төрөх нь мэдээж. Хамгийн энгийн, эхний үр өгөөж энэ.

 

-Ярилцсанд баярлалаа. Та бүхний цаашдын ажилд амжилт хүсье.

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин