Гэр хүргэх цувааг баруун аймгууд руу цагийн дараа хөдөлгөнө
Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Увс аймагт хүчтэй цасан болон шороон шуурга шуурч байгалийн гамшигт үзэгдэл тохиосны улмаас олон айл өрх, орон гэргүй болж, цахилгаан дамжуулах агаарын шугам сүлжээний тулгуур багана унаснаас тог, цахилгаангүй болсон. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар эхний ээлжинд орон гэргүй болсон 168 өрхөд гэр олгох, түүнийг тээвэрлэх ажлыг эхлүүлэх шийдвэрийг гаргажээ.

Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас баруун бүсийн эрчим хүчний систем, ТӨХК-ийн цахилгаан дамжуулах агаарын шугамд гарсан гэмтлийг засварлах нөөцийг бүрдүүлэх, сэргээн босгох ажил болон ард иргэдэд учирсан хохирлыг арилгах, гэр олгох, тээвэрлэх ажил зэрэгт нийтдээ нэг тэрбум 427 сая төгрөг шаардлагатай байгаа аж. Энэ хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болжээ.
Хүчтэй салхи, шуурганы улмаас 245 айлын гэр нурсан байна. Үүнээс 168 нь дахин ашиглах боломжгүй болсон тул 391 сая төгрөгийг эдгээр өрхөд дахин шинэ гэр олгох, гэрийг тээвэрлэх зардалд зарцуулах аж.
Цахилгаан дамжуулах гурван тулгуур багана унасан бөгөөд өнөөдөр 10.50 цагт хоёр дахь баганыг Эрчим хүчний байгууллагын ажилчид босгож дуусчээ. Үлдсэн нэг баганыг өнөөдөртөө багтаан босгож, цахилгаан хангамжийг маргааш хэвийн ажиллаанд оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа юм байна. Тулгуур баганыг тээвэрлэдэг машин манай улсад гурав байдаг төдийгүй тухайн сум орон нутагт хүчтэй салхитай байга учраас ажил явуулахад бодит хүндрэлүүд тулгарч байгаа аж. Гэвч өмнө нь агаарын тулгуур багана унасан ажлыг сэргээн засварлаж байсантай харьцуулахад онцгой байдлын алба, эрчим хүчний яам, холбогдох байгууллагад маш богино хугацаанд арга хэмжээ авч зөв шийдвэр гаргаж ажилласан байна.
Салхины улмаас унасан тулгуур багана нь 1995 онд баригдсан бөгөөд 30-40 метр, секунд хүртэлх хүчтэй ширүүн салхинд унахгүй байх магадлал тун ховор аж. Тиймээс цахилгаан дамжуулах агаарын шугам барих гэрээнд ашиглалтын хугацааг уртасгах үүргийг Засгийн газраас өгч, 30-40 метр секунд хүртэлх ширүүн салхинд унахааргүй хийх арга замыг судлахыг даалгажээ.
Одоогоор 46 сум цахилгаангүй байгаа бөгөөд эмнэлэг, сургууль зэрэг онцгой үүргийн байгууллагуудыг эрчим хүчээр дамжуулан хангаж байгаа аж.
Энэ удаагийн байгалийн гамшигт үзэгдлийн талаар мэдээг ард иргэд түргэн шуурхай хүлээн авсны үр дүнд хүний амь эрсдээгүй. Есөн хүн сураггүй алга болсон ч богино хугацаанд эсэн мэнд олсон нь сайшаалтай гэдгийг Улсын Онцгой Комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа Энх-Амар хэллээ.

Цаг уурын байгууллагаас гаргаж байгаа мэдээгээр ирэх арван хоёрдугаар сарын 1-нээс баруун аймгуудын нутгаар 2-ны өдөр ихэнхи нутгаар цас орж салхины хүч ширүүснэ. Тиймээс онцгой байдлын алба цаг уурын байгууллагатай хамтран хэвлэлийн бага хурал хийж цаг уурын нарийвчилсан мэдээг иргэд олон нийтэд хүргэхээр төлөвлөж байгаа аж.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ