Өнөөдөр ХИЧЭЭХ өдөр
2018-11-29

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Монгол Улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас нэг хоногт 15-20 хүн хүнд, хөнгөн байдлаар бэртэж, гэмтэж 1-2 хүн амь насаараа хохирч байна. Иймд Тээврийн цагдаагийн албанаас зам тээврийн осолгүй, аюулгүй амьдралын төлөө бүх нийтээрээ "Хичээх өдөр"-ийг зарласан. Өнөөдөр "Хичээх өдөр". 

 

Уг албанаас зам тээврийн ослоор хохирсон иргэд болон тэдний ар гэрийнхний дуу хоолойг олон нийтэд хүргэх замаар ослын хор уршгийг олон нийтэд таниулах, хохирсон иргэдэд хүндэтгэл үзүүлэх зорилгоор жил бүр “Зам тээврийн ослоор хохирсон иргэд, тэдний ар гэрийнхний дуу хоолойг хүргэх өдөр”-ийг зохион байгуулдаг. Энэ арга хэмжээг тавь дахь жилдээ “Хичээх өдөр” сэдвийн хүрээнд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Цагдаагийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн алба хамтран 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгуулахаар болсон. 

 

Арга хэмжээ энэ өдрийн /2018.11.29/ 10.00 цагаас Тээврийн цагдаагийн албаны Төв байрнаас эхлэх аж. Зам тээврийн ослыг бууруулах, урьдчилан сэргийлэх ажилд дуу хоолойгоо нэгтгэн хамтран ажиллахыг нийт жолооч нарт уриалж байна.

 

Дэлхий дээр хүнийг үхэлд хүргэж буй 20 шалтгааны наймдугаарт зам тээврийн осол ордог. Дэлхий дахинд жилд 1.3 сая орчим хүн зам тээврийн осол гэмтлээс болж амь насаа алддаг байна. Харин манай улсын хувьд, зөвхөн нийслэлийн хэмжээнд 2018 оны 1 дүгээр улирлын байдлаар 20 /бодит/ хүн амь насаа алдаж, гэмт хэргийн улмаас 119 хүн, зам тээврийн ослын улмаас 678 хүн гэмтэл бэртэл авчээ.

 

Бүртгэгдсэн зам тээврийн ослын шалтгааны 98.5 хувь нь жолоочийн буруутай үйлдлээс шалтгаалсан ба хажуу хоорондын зай тохируулаагүй, уулзвар гарц нэвтрэх журам зөрчсөн, эгнээ байр буруу эзэлсэнээс шалтгааалсан осол дийлэнх хувийг эзэлж байна.  Зам тээврийн осол гарсан шалтгааныг өнгөрсөн оны үзүүлэлттэй харьцуулахад гүйцэж түрүүлэх үйлдэл буруу гүйцэтгэсэн 31.4 хувиар, эсрэг урсгалд орсон 3.7 хувиар өсчээ.

 

Улсын хэмжээнд 559,000 гаруй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд идэвхитэй оролцож байна. Тэгвэл өнөөдөр 559 мянган жолооч бүр дүрэм зөрчихгүй, улаан гэрлээр дайрахгүй, гэрлэн дохио солигдонгуут дуут дохиогоо гудамжаар нэг хангинуулж бусдад төвөг удахгүй байя. Бас явган зорчигчид зам тавьж өгье, туслах замаас нэвтэрч буй тээврийн хэрэгслийг өмнүүрээ оруулья.  Хариуд нь тэд ч бас талархал илэрхийлье. Ингэж бие биендээ хүндэтгэлтэй, хүлээцтэй хандая.

 

Түгжирлээ, "орк" зан гаргалаа л гэдэг. Магадгүй бусдын төлөө зориулсан ганцхан минутын хүлээлтийн хариуд өөр нэг уулзвар дээр хүний амь аврагдаж байж ч болно гэдгийг ухамсарлаж "Хичээх өдөр"-өөр хэдүүлээ хэрэлдэхгүй байя.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин