Цахилгаан дамжуулах шугамын гэмтлийг засахад тэрбум 427 сая төгрөг зарцуулжээ

Энэ сарын 24-25-ны өдрүүдэд Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Увс аймгийн нутгаар болсон цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас Увс аймгийн Түргэн сумын цахилгаан дамжуулах агаарын шугамын 220 кВ-ын дөрөв, Өмнөговь суманд 110 кВ-ын ес нийт 13 төмөр тулгуур багана унаад байсан юм. Цахилгаан дамжуулах агаарын шугамын төмөр тулгуур багана унасны улмаас Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Увс аймгийн нийт 52 суманд цахилгаан тасарсан.
Эвдрэл гэмтлийг арилгах, шинээр тулгуур багана босгохоор Эрчим хүчний яам, “Баруун бүсийн эрчим хүчний систем” ХХК, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн нийт 173 ажилтан, 23 техник хэрэгсэлтэйгээр ажилласан бөгөөд өчигдөр /2018.11.28/ хоёр тулгуур баганыг босгож, хэвийн үйл ажиллагаанд оруулсан.
Баруун бүсийн эрчим хүчний системийг өнөөдөр /2018.11.29/ 01:00 цагт С-457 буюу 35 кВ-ын Сагил агаарын шугамын тулгуур №18-22-д дамжуулагч утас татаж дуусгаснаар засварын бригадыг ажлын байрнаас буулгасан байна. Улмаар /2018.11.29/ шөнийн 04:26 цагт ОХУ-ын Чадан Дэд Станцад С-458 агаарын шугамыг залгаж, хүчдэл өгчээ. 04:38 цагт Дөргөн Усан Цахилгаан Станцыг зэрэгцээ ажиллагаанд оруулснаар Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн бүх сум Говь-Алтай аймгийн таван сумын эрчим хүчний хэрэглээ хэвийн горимд оржээ.
Эрчим хүчний яам, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК, “ББЭХС” ТӨХК-ийн хамтарсан ажлын хэсэг Улаангом-Өмнөговийн 110 кВ-н шугамд есөн тулгуур унасныг сэргээн засварлах ажил 2018.11.26-нд дууссан. ОХУ-аас Улаангом хүртэлх 220 кВ-н цахилгаан дамжуулах агаарын шугамыг сэргээн босгох ажил 2018.11.27-28-ны өдрүүдэд хийгдлээ.
Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн 110 кВ, 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд гарсан гэмтлийг засах, аваарын нөөц бүрдүүлэх зэрэгт шаардагдах нийт нэг тэрбум 427 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болсон.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ