УИХ-ын дарга М.Энхболд ХУРАЛ хаяж гарсан уу

УИХ-ын чуулганы пүрэв гаригийн нэгдсэн хуралдаан эхэлсэн ч түр завсарлалаа. ЖДҮХС-гийн зээл авсан сайд нарын асуудлыг УИХ-ын Ёсзүйн дэд хороогоор хэлэлцсэний дараа чуулганы хуралдааныг үргэлжлүүлэхээр болж, УИХ-ын дарга алх цохилоо. Харин үүнийг УИХ-ын дарга М.Энхболдын хууль зөрчсөн үйлдэл гэсэн байр суурийг УИХ-ын зарим гишүүн илэрхийлж байна. Энэ асуудлаар гишүүд ямар байр суурь илэрхийлснийг хүргэе.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Монголын парламентын 27 жилийн түүхэнд болж байгаагүй үйл явдал боллоо. УИХ-ын дарга хэлэлцэх асуудлаа танилцуулаагүй байж өөрөө хурлаа хаяад гарлаа. УИХ-ын дарга гэдэг бол хурлыг хуулийн хүрээнд даргалагч үүрэгтэй хүн. УИХ гэдэг бол М.Энхболд гэдэг хүн биш.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Сая УИХ-ын чуулган нээгдсэн шүү дээ.
УИХ-ын гишүүн Л.Болд: Төрийн том хямрал үүсгэж байгаа нь байж болохгүй асуудал. Яагаад асуудал УИХ-ын даргаасаа эхлэх ёстойг та бүхэн ойлгож байгаа. 60 тэрбумын эзэн хариуцлага хүлээх ёстой. Эхлээд 60 тэрбум, УИХ-ын дарга, ЖДҮ гэсэн дарааллаар шийдэх ёстой. УИХ-ын даргын асуудлыг яаж шийдэхээс бүх зүйл шалтгаална. Энэ будилааны эзэн болсон УИХ-ын даргатай хариуцлага тооцох асуудлыг би эцсээ хүртэл шаардана.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: М.Энхболд даргын хийж байгаа үйлдэл бол буруу. УИХ-ын чуулган явдгаараа явах ёстой. Зарим хүн М.Энхболдыг хамгаалж байна гэж ярьж байна. М.Энхболдыг огцруулахын төлөө 2016 онд Монгол даяараа чив чимээгүй байхад би шүүмжилж байсан. Бүтэн жилийн турш 60 тэрбумыг шүүмжилсэн. М.Энхболдыг ч огцруулна, У.Хүрэлсүхийг ч огцруулна. Энэ байр сууриндаа бат зогсоно.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: УИХ-ын дарга санал гаргаад, тэр саналаар хурлаа түр хойшлууллаа гэж би харж байна. Ёсзүйн дэд хороог хуралдуулах хэрэгтэй. Тэгээд чуулганы хурлаа цааш үргэлжлүүлэх ёстой.
Б.Учрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ