Тогонд цохиулж нас барсан хүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэв
2018-12-05

 

 

Сүхбаатар дүүргийн 7 хороо, 11 дүгээр хорооллын 7 дугаар байрны орчимд өнгөрөгч зургадугаар сард /2018.06.25/ цахилгааны утсанд цохиулж 10 настай хүү амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.

 

Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж прокурорт шилжүүлсэн. Нийслэлийн прокуророос хянаад Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороонд байрлах эмийн сангийн үүдэнд цахилгааны утсанд цохиулж нас барсан хүүгийн хэрэг гэх Энхжаргал, Ганпүрэв нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр хүргүүлсэн байна.

 

Хэргийг эргэн сануулахад эмийн сангийн төмөр хаалганд тогтоосон байсан цахилгааны богино холбоо үүссэн ил задгай байршуулсан утсанд 10 настай хүүхэд санамсаргүй байдлаар хүрч, цахилгаанд цохиулан амь насаа алдсан.

 

Мөн өнгөрөгч наймдугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумаас 5 настай охиныг хулгайлан авч явсан гэх П.Батсуурь гэгч эмэгтэйг цагдаагийн алба хаагч нар олж илрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан.

 

Түүнд 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нэг сарын хугацаагаар Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Цагдан хорих байранд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан.

 

Хүүхэд хулгайлсан гэх П.Батсуурьт холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин