М.Энхболд: Хуралдааныг тааллаараа удирддаг гэдгийг би хүлээн зөвшөөрөхгүй

УИХ-ын даргыг огцруулах шаардлага тавьсан гишүүдийг УИХ-ын дарга М.Энхболд хүлээн авч уулзлаа. Тэд УИХ-ын даргыг “60 тэрбум”-ын асуудалд холбогдсон, чуулганы хуралдааныг дуртай үедээ хаадаг, нээдэг. Зарим асуудлыг хэлэлцдэггүй” үндэслэлээр өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцрох шаардлагыг тавьж байлаа. УИХ-ын дарга М.Энхболд тэдний шаардлагыг сонссоны дарааагаар:
-Та бүхнийхээ үгийг сонслоо. ЖДҮХС-гаас зээл авсан гэж яригдаж байгаа гишүүдийг Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхэд УИХ-ын чуулганы санал хураалтад оролцуулахгүй байх талаар нэр бүхий гишүүд Ёсзүйн дэд хороонд гаргасан. Тиймээс Ёсзүйн дэд хороог хуралдуулсны дараагаар чуулганыг завсарлуулсан. Тэр өдөр би 10.30 цагаас 18:00 цаг хүртэл албан өрөөндөө байсан.
Элчин сайдын томилгоог хаалттай хэлэлцэх горимын саналыг гишүүд гаргасан. Тиймээс уг асуудлыг хаалттай хэлэлцсэн.
Сүүлийн үед Л.Оюун-Эрдэнэ гишүүн миний эрүүл мэндийн асуудлаар ор үндэсгүй зүйл ярьж байгаа. Би эрүүл мэндийн тухайд ямар нэг асуудал байхгүй. “60 тэрбум”-ын асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийе гэж 19 гишүүн гарын үсэг зурж ирүүлсэн. Хуульзүйн байнгын хороо нээлттэй хэлэлцүүлэг хийх асуудлаар холбогдох хуулийн байгууллагад хандсан. Шалгагдаж байгаа асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийж болохгүй гэж хуулийн байгууллага хариу хэлсэн.
Энэ асуудлыг нээлттэй яриад, хэлэлцэх хэрэгтэй.
Ерөнхий сайд ҮХЦ-д УИХ-ын даргыг огцруулах саналыг өгсөн байгаа. ҮХЦ-ийн шийдвэр гарсны дараа асуудал шийдэгдэнэ. Би өнгөрсөн хоёр жилийн хугацаанд УИХ-ын даргын албан тушаалыг хашихдаа хууль зөрчсөн үйлдэл гаргаагүй. ҮХЦ, зарим газарт намайг чиглэл өгч байна гэж гүтгэж байна. Та бүхэн ард түмний итгэл хүлээсэн, төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдсон, ёсзүйтэй хүмүүс. Тиймээс хуулийн дагуу ажиллана гэж итгэж байна.
УИХ-ын даргыг хуульд заасан таван үндэслэлээр ажлаас нь чөлөөлдөг. Асуудал хуулийн дагуу явах ёстой гэж бодож байна.
Өнөөдрийн чуулганы хуралдаан хуулийн дагуу ирц бүрдэж, эхэлсэн. УИХ-ын даргын зүгээс хуралдаанд битгий ор гэсэн зүйл байхгүй. Харин ч хуралдаандаа оролцож, үүргээ биелүүлэх ёстой гэж бодож байна.
Намайг УИХ, байнгын хорооны хуралдааныг тааллаараа удирдаж байна гэдэг үгийг би хүлээн зөвшөөрөхгүй. Хуулийн хугацаатай асуудал үүсэх үед төлөвлөсөн ажлаас гадна, УИХ-ын даргын зөвлөлөөр шийдвэрлэдэг.
Та бүхнийг хуулийн дагуу шаардлага тавихыг хүсч байна. Түүнээс бус чуулганы хуралдааны үйл ажиллагааг тасалдуулах, байнгын хорооны гишүүдийн ирцийг бүрдүүлэхгүй байдлаар асуулдаа битгий тавиач ээ. УИХ-ын чуулганы, байнгын хорооны хуралдааныг ямар нэг саадгүйгээр явуулах бололцоог хангах үүргийг 76 гишүүн хүлээсэн хэмээв. Үүнд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:
-Та хууль хяналтад нөлөөлдөг. “60 тэрбум”-ын асуудал эвлүүлэг биш гэдгийг та хэлж чадахгүй байна. Тиймээс тантай ажиллаж чадахгүй. УИХ түүхэндээ байхгүй асуудалд ороод байна. Ардчилсан Үндсэн хуулийг хамгаалахын төлөө байна. ҮХЦ-ийн дүгнэлт гартал та УИХ-ын чуулганы хуралдааныг удирдах ёсгүй. Та өргөдлөө өгөөд огцор гэлээ.
Ийнхүү уулзалт өндөрлөлөө. Үүний дараагаар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон “УИХ-ын үйл ажиллагаа цаашид тасралтгүй үргэлжилнэ гэдэгт итгэж байна. Л.Оюун-Эрдэнэ гишүүн энэ асуудлыг дахин хөндөж байна. Би насаараа хуулийн байгууллагад ажилласан хуульч хүн. Албан бичгийн асуудал яригдаад байна. Манайд УИХ-ын гишүүн хандаж байгаа бол энэ нь гурван хувь ирдэг. Л.Оюун-Эрдэнэ гишүүн өөрийн бичгээ УИХ-ын даргад өгсөн. УИХ-ын дарга надад өргөн барьсан бичгийн нь өгсөн. Тэр бичигт 22 гишүүн гарын үсэг зурсан байлаа. Тиймээс би УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэд нүд рүү нь хараад хэлсэн. УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулахад 26 гишүүн гарын үсэг зурах ёстой. Харин УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн өргөн барьсан бичиг 22 гишүүн гарын үсэг зурсан тул ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулах хуулийн үндэслэлгүй гэж үзэж байгаа юм.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ