Б.Алтанцэцэг: Ханшийн өөрчлөлт нэг талдаа экспортын өрсөлдөх чадварыг дэмжих нөлөө үзүүлнэ
2018-12-07

Эдийн засагч Б.Алтанцэцэгтэй ярилцлаа.

 

 

–Сүүлийн нэг сар орчмын хугацаанд ам.долларын ханш чангарсаар 2600 орчим төгрөгт хүрлээ. Үүний шалтгааныг та хэрхэн харж байгаа вэ?

 

-Төлбөрийн тэнцлийн бүрэлдэхүүн хэсгүүдийг харвал ийм өөрчлөлт гарахаас өөр аргагүй байгаа. Тухайлбал, урсгал данс алдагдалтай байна. Импорт экспортоосоо өндөр байгаа нь валютын эрэлт өссөнийг харуулж байна. Тэгэхээр бусад хүчин зүйл тогтвортой байгаа үед гадаад валютын эрэлт өсвөл энэ нь төгрөгийн ханшийг сулруулах нөлөө үзүүлнэ.

 

Олон нийтийн зүгээс ханш чангарч байхад төв банк юу ч хийхгүй байна гэж шүүмжлэх нь бий. Төв банк ханшаа бариач гэдэг. Төв банк тодорхой хэмжээгээр интервэнц хийж байгаа ч байнга ингэж оролцох боломж хязгаарлагдмал шүү дээ?

 

-Миний харж байгаагаар төв банк ханшид харин ч илүү их оролцоод байх шиг байна. Ер нь бол интервэнц хийх замаар ханшид оролцож л байгаа. Бидэнд байгаа нөөц бололцоогоор ханшийг тогтвортой байлгах нь төв банкны хувьд хүндрэлтэй. Хэрвээ системийн шинжтэйгээр төгрөгийн ханш дээр маш том дарамт ирвэл төгрөгийн ханшийг хамгаалахад маш их хүндрэл үүсгэнэ. Нөөц бололцоо хангалттай биш. Тэгэхээр нөөц боломж муу байгаа үед ханшид хэтэрхий их оролцох нь үнэ цэнэтэй, хязгаарлагдмал нөөцөө хэрэггүй зүйлд зарцуулж байна л гэсэн үг. Хоёрдугаарт, валютын ханш өөрөө нэгэн зэрэг, бүх хүнд шууд сөрөг нөлөө үзүүлэхгүй. Ханш эдийн засагт зохицуулах үүрэг гүйцэтгэж байгаа. Ханшаас үүдэх хожоо, хохирол нь хүмүүст харилцан адилгүй нөлөөлнө. Нэг талдаа импорт үнэтэй болсноор хохирч байгаа хүмүүс байна. Нөгөө талдаа манай үйлдвэрлэж байгаа экспортын бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар өссөнөөр хожоо ч үүснэ. Түүнчлэн импортын бүтээгдэхүүн үнэтэй болсноор дотооддоо үйлдвэрлэж, импорттой өрсөлдөж байгаа бараа, бүтээгдэхүүний тухайд үнээр дамжуулан өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх боломж бий болох юм. Тэгэхээр энэ талаас нь харвал бид ханшийг заавал тогтмол байлгах ёстой юу, үгүй юу гэдэг асуулт гарч ирнэ. Ханшийг тогтвортой байлгалаа гэхэд нэг талд нь сайн нөлөө үзүүлэх ч нөгөө талд нь сөрөг нөлөө үзүүлнэ. Ханшийг зохистой түвшинөөс зориудаар чанга байлгаснаар эсрэгээрээ манай боловсруулах үйлдвэрлэлийн салбарын өрсөлдөх чадварыг бууруулна. Бид экспортыг дэмжих хэрэгтэй, импортыг орлуулах хэрэгтэй гээд ярьдаг. Гэтэл үүний нөгөө талд төгрөгийн ханшийг чанга байлгах гэж оролдох нь дээрх бодлогуудтай зөрчилдөнө. Нөгөөтэйгүүр нэг айдас байгаа нь төгрөгийн ханш хязгааргүй унах вий гэж болгоомжилдог. Миний харж байгаагаар манай улсад тийм эрсдэл алга байна. Гадаад нөхцөл байдалтай холбоотой төгрөгийн ханш суларч байна. Гадны зах зээлийн нөхцөл байдалтай холбоотойгоор экспортын орлого буурч, ханшид нөлөөлөл үзүүлж л байгаа. Гэхдээ эсрэгээрээ ханшийн өөрчлөлт зах зээлийг тэнцвэржүүлэх нөлөөтэй шүү дээ. Төгрөгийн ханш их суларснаар импорт үнэтэй болоод, шаардлагагүй импортууд буурна. Түүнчлэн төгрөгийн ханш сул байснаар гаднаас орж ирэх валютын урсгалыг нэмэгдүүлэх нөлөө ч үзүүлнэ.

 

–Монголбанк гадаад зах зээлд үүсч байгаа эрсдэл, ханшийн өсөлтийн эсрэг төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор бодлогын хүүг өсгөсөн. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

 

-Ханшийн өөрчлөлт зах зээлийнхээ жам ёсоор явж байгаа үзэгдэл гэж харж байгаа. Тийм учраас төв банкны бодлого юунд хариу үйлдэл үзүүлж байна вэ гэдэг дээр бага зэрэг гайхаж байгаа. Хэрвээ валютын ханшийн өсөлтийн эсрэг төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор хийж байгаа бол арай л яарсан шийдвэр болов уу. Мөнгөний бодлогыг аль болох дотоод эдийн засгийн тогтвортой байдлыг хангах чиглэл рүү л авч явах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, гадаад болон дотоод тогтвортой байдлыг зэрэг хангах гэж оролдож байснаас инфляци буюу цэвэр дотоодын зах зээлээ л онилох нь зүйтэй болов уу.

 

–Ханшийн тухайд иргэдийн хүлээлт маш хүчтэй нөлөөлдөг. Ялангуяа монголчуудын хувьд ханшид төдийлөн нөлөөгүй буюу жишээ нь төр засаг тогтворгүй болоход л доллар худалдаж авах нь бий. Үүнээс болж ханш хөдөлдөг шүү дээ?

 

-Хэрвээ буруу мэдээлэлтэй холбоотойгоор ханшид өөрчлөлт гарсан бол тэр нөлөөлөл нэг их удахгүй арилна л даа. Харин төр засгийн бодлого, шийдвэр, эсвэл системийн шинжтэй томоохон өөрчлөлттэй холбоотойгоор хүлээлт өөрчлөгдөж байгаа бол энэ нэлээд хүчтэй нөлөөлөх байх. Хүмүүсийн хүлээлтийг нөлөөлөх нэг арга зам нь төв банк нээлттэй, ил тод үйл ажиллагаа явуулах, бодлогоо тайлбарлах. Мөн олон нийтэд мэдээлж, мэдэгдсэнийхээ дагуу бодлогоо хэрэгжүүлэх юм. Ингэснээр олон нийт, иргэд, зах зээлд оролцогсдын төв банкинд итгэх итгэл нэмэгдэж, төв банкны аливаа мэдэгдэл хүлээлтэд нөлөөлнө. Үүнд нөлөөлөх бас нэг чухал хүчин зүйл нь төв банкны хараат бус байдал шүү дээ.

 

–Ханш эдийн засгийн суурь хүчин зүйлээ дагаад өөрчлөгдөж байгаа. Жишээ нь төлбөрийн тэнцэл алдагдалтай байгаа үед ханш дээр ирэх дарамт байсаар байх болно гэдгийг та тайлбарлаж байна. Тэгвэл төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулахад ямар механизм, бодлого ажиллах ёстой бол. Үүн дээр Төв банк, Засгийн газар хоёрын аль нь илүү хүчтэй нөлөөлж чадах вэ?

 

-Засгийн газар, төр засгаас илүү сайн ажиллаж байгаа механизм нь манай зах зээлийн механизм өөрөө юм. Зах зээлийг харвал төгрөгийн ханш суларч байгаа хэдий ч энэ маань өөрөө экспортыг дэмжих бодлого болчихож байна. Хоёрдугаарт, импортыг орлуулах бодлого болж байна. Гуравдугаарт, дотоодын үйлдвэрлэлийг  дэмжих бодлого ч гэж харж болохоор байна. Энэ утгаараа яг одоо бидэнд хэрэгтэй байгаа төлбөрийн тэнцлийг сайжруулах бодлогыг зах зээл өөрөө явуулж байна. Ийм нөхцөлд төр засаг заавал үүнд оролцох шаардлагаүй байх.

 

Тэгэхээр ханшийг үндсэндээ зөнд нь орхих хэрэгтэй л гэж хэлж байх шиг байна?

 

-Яг тийм. Ер нь бол ханшид хэт их оролцох нь эргээд ханшийн талаар тодорхой бус байдлыг бий болгоод байна. Төв банк хэрвээ ханшийг барья гэж байгаа бол албан ёсоор зарлаад, хэрэгжүүлэх хэрэгтэй. Эсвэл хоёрын хооронд интервэнц хийлгүйгээр, ханшийг зөнд нь орхих хэрэгтэй.

 

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Д.ЧИМЭГ

Shuud.mn
Сонин хачин
EDIIN ZASAG UUL UURHAI HOER TAAMGAAR HANSH N GARDAG UCHRAAS HANSH SAVLAH ERSDELTEI YUM EDIIN ZASGAA SOLONGUULSAN CH HANSHIIN SAVLAGAAG HENCH TOGTOOJ CHADAHGUI
2018-12-09
UURHAIN NOOTSIIG HENCH ONOOD TOGTOOJ CHADDAGGUI TAAJ TOGTOODOG YUM UUL UURHAIN ERONHII OILGOLTIIN MEDLEGT UUNIIG IRGEDED OILGUULJ OGOMOOR YUM
2018-12-09
зочин:
төгрөгийн ханшийн уналт ЖДҮ-ийнхэн болон дундаж давхаргыг сүйрүүлж байна
2018-12-07
Эдийн засагч:
Энэ хүн зөвхөн нэг талыг харж байна. Нөгөө талаас нь харвал цалин бага, бараг хуримтлалгүй монголын ард түмний амьдрал улам доройтож, энэ нь нийгэмд хүчирхийлэл гарахад хүргэнэ. Иймд ханшийг хяналтандаа байлгах нь төрийн үүрэг болж байна и
2018-12-07
иргэн:
Төв банк төгрөх хэвлэхээ л хязгаарлах хэрэгтэй. Олон их наяд төгрөг эмиссээр гаргаж нийлүүлэхээр долларын эрэлт ихсээд байна.
2018-12-07
Gh:
Chenjiin zahiig haagaad zovhon bankaar usd zar
2018-12-07
z^_^:
Шаадаг гичииивэ жоохон доллар хадгасан юм байхдхдааа лалар чинь $ өсөөл байвал дайн болох байлгүй хошногоооо
2018-12-07