Трампын ХОЖЛЫН НҮҮДЭЛ
2018-12-07

АНУ-ын хүсэлтээр Канадын тал “Huawei” компанийн захирлыг баривчлаад буй билээ. Энэ талаар “CNN” агентлаг болон “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Аргентины нийслэл Буэнос-Айрес хотноо зохион байгуулагдсан “Их 20” дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Зиньпин нар уулзсан юм. Уулзалтын үеэр Трамп Хятадын 200 тэрбум ам.долларын үнэ бүхий бараа бүтээгдэхүүнд ногдуулах шинэ татварыг 90 хоногоор хойшлуулахаар шийдвэрлэжээ. “Худалдааны дайн”-аас болж хоёр улс өнгөрсөн хугацаанд дайсагнасан харилцаатай байсан  ч дээрх уулзалт тун найрсаг, дулаан болж өндөрлөв. Хэсэг хугацаанд ч гэсэн хоёр улс зөрчилдөөндөө цэг тавихаар болж, савлаад буй дэлхийн засаг тогтворжих аястай болжээ.

 

ТРАМП, СИ нар энэ сарын 1-нд уулзсан юм. Удирдагчид зөрчилдөөнөө хойш тавин, уулзаж байх хойгуур АНУ далдуур хөдөлсөн нь Бээжингийн дургүйцлийг хүргэлээ.

 

АНУ-ын Засгийн газрын хүсэлтийн дагуу Канадын хуулийнхан Хятадын харилцаа холбооны технологийн “Huawei” компанийн санхүү эрхэлсэн дэд захирал, тус компанийн үүсгэн байгуулагчийн охин Мэн Ванжоуг баривчилсан байна. “Түүнийг энэ сарын 1-нд Ванкувер хотноо байхад нь баривчилсан” гэж Канадын тал өчигдөр нийтэд мэдэгдэж, уг хэрэг олны анхаарлыг татаж эхэллээ.

 

Вашингтон Ванжоуг баривчилсан шалтгаанаа “АНУ-ын Засгийн газрын эдийн засгийн хоригийг ноцтой зөрчиж, Иран улсад арилцаа холбооны тоног төхөөрөмж нийлүүлсэн” гэж тайлбарлажээ.

 

Өдгөө 41 настай Ванжоу “өөрийгөө ямар ч буруугүй, хилсээр ял тулгахын санаархаж байна” хэмээж, мэдүүлэг өгөхөөс эрс татгалзаж, эрх баригчдаасаа тусламж хүсчээ. Түүний өмгөөлөгч “Энэ бол хууль бус. Тэд ямар ч сануулгагүйгээр баривчлах ажиллагаа явуулсан. Хүний эрх, эрх чөлөөнд ноцтой халдлаа. Би  эцсээ хүртэл тэмцэх болно” гэж хэлэв.

 

 

“АНУ худалдааны дайнд ялалт байгуулах, Бээжинд цохилт өгөхийн тулд Мэн Ванжоуг баривчилсан” гэж Бээжин үзжээ.

 

БНХАУ-ын эрх баригчид АНУ-ын захиалгаар Канадын тал баривчлах ажиллагаа явуулсанд уурсан “Манай улсын иргэнийг баривчилж, эрхэд нь ноцтой халдсан явдлыг зүгээр хараад тэвчихгүй” гэлээ.

 

Тус улсын Гадаад хэргийн яам Канад руу шаардах бичиг явуулсны дараахан Канадын Ерөнхий сайд Жастин Трудо дээрх хэргийн талаар өөрийн байр сууриа хүргэжээ. Ерөнхийлөгч “БНХАУ-ын иргэнийг баривчлах шийдвэрийг Канадын Засгийн газар өгөөгүй. Бид уг асуудалд АНУ-ын Засгийн газартай хамтраагүй болно. Энэ хэрэгтэй Засгийн газар холбоогүй. Тун удахгүй бүх зүйл тодорхой болно” гэж мэдэгдэв.

 

АНУ-ын Засгийн газар өнгөрсөн дөрөвдүгээр сараас “Huawei” компанийг эдийн засгийн хориг зөрчсөн гэж шалгаж эхэлжээ.

 

Дээрх баривчилгаанаас нэг долоо хоногийн өмнө АНУ, Хятадын “ZTE” компанийн эсрэг хориг арга хэмжээ авч буйгаа зарласан билээ. Тус компанийг мөн Иранд тоног төхөөрөмж нийлүүлсэн хэмээн буруутгажээ. Уг хэргийг Нью Йоркийн прокурорууд шалгаж эхэлсэн байна.

 

“Huawei” компани нэг бус удаа Ерөнхийлөгч Трампын дургүйг хүргэсэн үйлдэл гаргаж, басамжилж байв.

 

Тэрбээр гурван “PHONE” утастай аж. Нэгдэх утсаараа тэрбээр албаныхантай ярилцдаг бол хоёр дахь утсаараа твиттерт жиргэх, бусад нийгмийн сүлжээ, хэвлэлийнхэнтэй харилцахад ашигладаг аж. Харин Трамп зөвшөөрөлгүйгээр гурав дахь утсаараа хувийн яриа өрнүүлдэг гэнэ.

 

Цагаан ордон түүнийг гурав дахь утсаа ашиглахгүй байхыг сануулж, Хятад болон Оросын тагнуулчдад хувийн мэдээллээ алдах эрсдэлтэй буйг учирлажээ.

 

Уг мэдээллийн дараа БНХАУ-ын Гадаад хэргийн яам  “Ийм худлаа мэдээллийг зохион байгуулалттайгаар олон нийтэд танилцуулсан хүмүүст “Оскар”-ын шагнал өгвөл таарна” хэмээгээд Трамп “Apple” брэндийн утсандаа итгэхгүй байвал Хятадын “Huawei” брэндийн утсыг хэрэглэхийг зөвлөсөн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин