Улаанбаатар
АТГ-аас эрүүгийн 206 хэргийг шүүхэд шилжүүлжээ
12 өдөр

 

Гэрэл зургийг MPA.mn

 

АТГ сар бүрийн 25-ны өдөр хийдэг хэвлэлийн хурлаа өнөөдөр буюу 12 дугаар сарын 7-ны өдөр болгож хойшлуулсан нь тодорхой шалтгаантай. НҮБ-аас тунхагласан Авлигын эсрэг олон улсын өдөр жил бүрийн 12 дугаар сарын 9-ний өдөр болдог. НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийг соёрхон баталж, нэгдэн орсон дэлхийн улс орнууд авлигын эсрэг олон нийтийн дуу хоолойг сонсох, хүргэх, конвенцид тусгасан үүргүүдийг нийгэмд таниулах ажил хийх ёстой. Энэ өдөртэй уялдуулан хэвлэлийн хурлаа өнөөдөр хийлээ. 

 

Энэ удаагийн хэвлэлийн хурлаар АТҮХ-ийг хэрэгжүүлэх чиглэлээр өнгөрсөн 2 жилд хийсэн үйл ажиллагааны мэдээллийг олон нийтэд өгөв. Хэвлэлийн хуралд Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын албаны дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог, Хэвлэл олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг нар оролцсон юм. 

 

Төрийн байгууллага, албан тушаалтан, хувийн хэвшил, иргэний нийгэм, улс төрийн нам, бүлгийг авлигын эрсдлээс урьдчилан сэргийлэх, олон нийтэд шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэх, ил тод, нээлттэй, хариуцлагатай нийгмийг хөгжүүлэх Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг Монгол Улсын Их Хурал 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 51 дүгээр тогтоолоороо баталсан. Ингэснээр Монгол Улс 11 зорилт бүхий бодлогын баримт бичигтэй болж, авлигатай тэмцэх үйл ажиллагааг тодорхой стратегийн дагуу 2023 он хүртэл 2 үе шаттай явуулах боломж бүрдсэн. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр хэрэгжсээр 2 жилийн хугацаа өнгөрөөд байна. Энэ хугацаанд Авлигатай тэмцэх газар үндэсний хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэв гэдэг талаарх мэдээллийг хэд хэдэн чиглэлээр хүргэе.

 

Засгийн газарт Зөвлөмж хүргүүллээ

 

2017 онд Авлигатай тэмцэх газрын ажлын багууд 21 аймаг, 99 сум, яам, агентлаг, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, нийслэл, дүүргийн 94 байгууллагад ажиллаж, хөтөлбөрийг хэрэгжүүлэх гарааны нөхцөл байдлыг тодорхойллоо.

 

Авлига, ашиг сонирхлын зөрчилд өртөх эрсдэлийг бууруулах, дотоод хяналт, санхүүгийн сахилга батыг сайжруулах талаар төрийн байгууллагууд дорвитой арга хэмжээ аваагүй, төсөв, санхүү, худалдан авах ажиллагааны нээлттэй байдлыг хангаагүй байна гэсэн дүгнэлтийг Авлигатай тэмцэх газрын ажлын багууд хийжээ. Авлигын түвшинг бууруулах, эрсдэл үүсгэх хүчин зүйлийг арилгах, илэрсэн зөрчил дутагдлуудыг давтан гаргахгүй байх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайд болон төрийн бүх шатны байгууллагын удирдах албан тушаалтнуудад шалгалтын дүнг танилцуулж, Засгийн газарт Зөвлөмж хүргүүлсэн. Шалгалтын дүнг төрийн байгууллагын удирдах албан тушаалтнуудад танилцуулж, Үндэсний хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлээр арга зүйн зөвлөгөө өгч, шалган туслах ажлыг эрчимжүүлсэн, мөн Засгийн газрын гишүүдэд салбар бүрийн авлигын нөхцөл байдлын талаар тусгайлсан зөвлөмж хүргүүлсэн, илэрсэн зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх, эрсдэлээс хамгаалах чиглэлээр хамтран ажиллаж байна.  

 

Авлигын эрсдэл бүхий 50 шийдвэрийг хүчингүй болгуулав

 

Авлига гарах шалтгаан нөхцөлийг бүрдүүлсэн, зохиомлоор шат дамжлага, хүнд суртал бий болгосон, ашиг хонжоо олох, давуу байдал үүсгэхүйц гэж үзсэн 88 шийдвэрийг Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс хянан үзэж, бүхэлд нь буюу хэсэгчлэн хүчингүй болгох саналыг холбогдох төрийн байгууллагуудад уламжилжээ. Өнөөдрийн байдлаар авлигын эрсдэл бүхий 50 шийдвэрийг хүчингүй болгож, хууль тогтоомжид нийцүүлж өөрчилсөн талаараа төрийн байгууллагууд хариу мэдэгдээд байна.

 

Яам, агентлагийн авлигын эрсдэлийг үнэлэв

 

Төрийн бус байгууллага, судалгааны байгууллагатай хамтран 24 яам, агентлагийн авлигын эрсдэлийн үнэлгээг хийсэн бөгөөд 2019 онд иргэдийн бухимдлыг төрүүлдэг шүүх, эрүүл мэнд болон төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд үнэлгээг хийх төлөвлөн ажлаа эрчимжүүлээд байна. Төрийн байгууллага авлигын эрсдлээ тодорхой аргачлал, арга зүйд тулгуурлан үнэлж, авлига, албан тушаалын гэмт хэргийн нөхцөл байдлыг бодитоор тогтоон үр дүнтэй урьдчилан сэргийлэх арга замаа сонгох боломжтой болсон. Эрсдлийг тодорхойлж, түүнийг бууруулах ажлаа төлөвлөж, хэрэгжүүлэх нь тухай байгууллагад авлигын эсрэг оновчтой бодлого боловсруулах, шийдвэр гаргах боломжийг нэмэгдүүлдэг.

 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авлигын талаарх төсөөллийн судалгааг анх удаа, Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн судалгааг 10 дахь жилдээ хийж, судалгааны дүнг олон нийтэд мэдээлж танилцууллаа.

 

40 мянган албан тушаалтны мэдүүлгийг нийтэд зарлав

 

АТГ-аас улс орныг хамарсан өргөн хэмжээнд зохион байгуулдаг томоохон ажлуудын нэг нь албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг хуульд заасан хугацаанд бүртгэх, хадгалах үйл ажиллагаа бөгөөд төрийн албаны ил тод байдал, төрийн албан хаагчийн хариуцлагатай, шударга байдлыг хангах зорилгоор төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг өөрийн сайтад нээлттэй байршуулж, олон нийтэд тогтмол мэдээлж ирсэн.

 

2016 оноос цахим системийн үйл ажиллагааг боловсронгуй болгосонтой холбоотойгоор 2018 оны 1 дүгээр улирлаас эхлэн ХОМ гаргадаг нийт 40000 албан тушаалтны мэдүүлгийг цахим мэдээллийн сүлжээнд байршуулж, олон нийтэд мэдээллээр хангаж байна.  Мэдээллийг нээлттэй, ил тод хүргэснээр ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авлигатай тэмцэх үйл ажиллагаанд олон нийтийн хяналт, оролцоог дээшлүүлэх, төрийн албан хаагчдын шударга байдлын түвшинг дээшлүүлэхэд эергээр нөлөөлж байгаа төдийгүй хяналт шалгалтын үйл ажиллагааны үр дүн, нуугдмал эд хөрөнгийг илрүүлэх  ажиллагаанд ахиц гарч байна.

 

АТГ-т ирүүлэх өргөдөл, гомдол, мэдээллийн тоо өссөөр байна

 

Албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй үйлдлийн талаар АТГ-т мэдээлэх ухамсар улам бүр нэмэгдэж байгаатай холбоотойгоор тус газарт ирүүлж буй өргөдөл, гомдол, мэдээллийн тоо байнга өсч байна. Сүүлийн 2 жилийн хугацаанд 894 өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авсан бөгөөд 825-ыг нь хянан шийдвэрлээд байна.

 

АТГ иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шалгахдаа хууль зөрчсөн албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх асуудлыг эн тэргүүнд тавих бус зөрчлийг арилгуулах, зөвлөмж анхааруулга өгөх, зөвлөн туслах чиглэлд анхаарч ажиллаж байна.

 

Оффшор бүс дэх хөрөнгийг мэдэгдэж, мэдээллээ

 

УИХ-аас 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд “Оффшор бүсэд банкны данс эзэмших, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хуулийн этгээд байгуулахтай холбогдсон хориглолт”-ыг нэмсэн билээ. Улмаар оффшор бүсэд хамаарах нийт 49 нутаг дэвсгэрийн жагсаалтыг Засгийн газрын 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 244 дүгээр тогтоол, 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 326 дугаар тогтоолоор тус тус баталсан юм.

 

Хууль тогтоомжийн энэхүү өөрчлөлт, хэрхэн хэрэгжүүлэх талаарх зөвлөмжийг АТГ төрийн бүх байгууллагуудад хүргэж ажилласан бөгөөд хуульд заасан үүргээ биелүүлж оффшор бүсэд өөрийн болон гэр бүлийн гишүүд, хамаарал бүхий этгээдийн эзэмшдэг болон эзэмшиж байсан данс, хөрөнгө, өөрчлөлт хөдөлгөөнийг мэдэгдсэн албан тушаалтнуудын мэдээллийг бүртгэж хүлээн авч, мөн олон нийтэд мэдээлсэн. Оффшор бүсэд данс хөрөнгө эзэмшихтэй холбоотой дээрх хориглолт нь нийтийн албан тушаалтнуудыг хууль бусаар орлого олох, үндэслэлгүйгээр хөрөнгөжих болон ашиг сонирхлын зөрчил болон цаашлаад албан тушаалын гэмт хэрэг болон бусад гэмт хэргээс  урьдчилан сэргийлэх чухал зохицуулалт болсон.

 

Гэмт хэргийн шинжтэй 802 гомдлыг шалгаж шийдвэрлэжээ

 

Гэмт хэргийн шинжтэй нийт 802 гомдлыг шалгаж шийдвэрлэсэн, 199 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлж шийдвэрлэсэн. 411 гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 309 гомдлыг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 74 гомдлыг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай харьяалах прокурорын газарт шилжүүлэн шийдвэрлэжээ. Шийдвэрлэлт 99.1 хувьтай байна.  

 

Нийт шалгасан гомдол, мэдээллийн 57.9 хувь нь Улаанбаатар хотод, 42.1 хувь нь орон нутагт харьяалагдаж байна. Гомдол, мэдээллийн шийдвэрлэлтийг өмнөх онуудтай харьцуулахад шалгаж шийдвэрлэсэн өргөдөл гомдол мэдээлэл 236-аар буюу 29,4 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

 

Эрүүгийн 206 хэргийг шүүхэд шилжүүллээ

 

Авлигатай тэмцэх газар сүүлийн 2 жилийн хугацаанд хуульд заасан харьяаллын 1163 үйлдэлтэй, 1126 холбогдогчтой, 1040 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.

 

Өмнөх онуудтай харьцуулахад мөрдөн шалгасан хэрэг 628-өөр буюу 2.5 дахин, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн хэрэг 102-аар буюу 2 дахин, хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтай прокурорт шилжүүлсэн хэрэг 344-өөр буюу 4.7 дахин өссөн үзүүлэлттэй байна. Мөрдөгч нарын ажлын ачааллыг дунджаар авч үзвэл жилд 1 мөрдөгч 28.6 гомдол, мэдээлэл, 37.1 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.

 

Хэрэгт холбогдон шалгагдсан этгээдийн 35.6 хувийг төрийн тусгай, 17.6 хувийг төрийн захиргааны, 14.6 хувийг иргэн, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн албан тушаалтан, 6.5 хувийг төрийн өмчит болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн албан тушаалтан, 13.8 хувийг төрийн улс төрийн, 11.9 хувийг төрийн үйлчилгээний албан тушаалтан эзэлж байна.

 

Хохирол нөхөн төлүүлэлт 8.5 дахин өссөн

 

2018 онд гэмт хэргийн улмаас 332.0 тэрбум  төгрөгийн хохирол учирснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад 17.3 тэрбум  төгрөгийг нөхөн төлүүлсэн байна. Мөн үл хөдлөх, хөдлөх хөрөнгө, байр, орон сууц, автомашин, тоног төхөөрөмж зэрэг 97.9 тэрбум  төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалсан байна. Түүнчлэн оффшор бүсээс 4,4 сая ам долларыг оруулж ирсэн үр дүнтэй ажилласан байна. 

 

Өмнөх оны мөн үетэй харьцуулбал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 262.3 тэрбум төгрөгөөр буюу 4,1 дахин,  хохирол нөхөн төлүүлэлт 8,5 дахин, эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа 8 дахин өссөн үзүүлэлттэй байна.

 

35 эрүүгийн хэрэгт 65 үйлдлийг шинээр илрүүлжээ

 

Улсын ерөнхий прокурорын тушаалаар Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газартай хамтарсан ажлын хэсгээр Хөгжлийн банк, оффшор бүс, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хууль бус олголт, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлийг хууль бусаар ашигласан, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар эзэмшсэн, Агаарын бохирдол, Стандарт банк, Оюутолгойн гэрээ, Монголбанкны зэрэг олон нийтийн анхаарал татсан эрүүгийн хэргүүдэд ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.  

 

Үүнээс гадна авлига албан тушаалын гэмт хэргийг үйлдэл дээр нь илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд 35 эрүүгийн хэрэгт 65 үйлдлийг шинээр илрүүлэн ажиллажээ.

 

84 эрүүгийн хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэлээ

 

2017 онд шүүхээр нийт 46 эрүүгийн хэрэг шийдвэрлэж байсан бол 2018 оны эхний 11 сарын байдлаар нийт 84 хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлээд байна.

 

Үүнд Автотээврийн үндэсний төвийн тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр,  Боловсрол соёл шинжлэх ухааны яамны санхүүгийн газрын даргаар ажиллаж байсан Д.Батмагнай, Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан Ц.Баянсэлэнгэ,  Гаалийн Ерөнхий газрын Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байхдаа Б.Оюундэлгэр, НӨХГ-ын Газар чөлөөлөх хэлтсийн дарга Н.Баяр, ахлах мэргэжилтэн Э.Энхтулга, Төрийн орон сууц санхүүжилтийн корпорацийн хуулийн хэлтсийн дарга Б.Батбаатар,   Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг дарга А.Мейремхан, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, төлөлт хариуцсан байцаагч Б.Золбоо, Баянгол дүүүргийн татварын байцаагч А.Энхтүвшин, Хан-Уул дүүргийн татварын байцаагч Н.Пүрэвдорж, Батлан хамгаалах яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын орлогч дарга, хурандаа Ж.Алтансүх,  ДЦС-4 төрийн өмчит үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирал С.Анхбаяр зэрэг төрийн албан тушаалтнуудад холбогдох хэргийг шүүхээс шийдвэрлээд байна.

 

Авлигатай холбоотой иргэд, байгууллагаас ирүүлсэн гомдол мэдээллийг мөрдөн шалгах ажиллагаа  нь орон нутагт хийгдэх ажиллагаа нэлээд байдаг төдийгүй нутаг дэвсгэрийн харъяалалтай эрүүгийн хэргүүдэд газар дээр нь мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлага гардаг. Гэвч Авлигатай тэмцэх газрын одоогийн бүтцээр аймгуудад салбар, нэгж байдаггүй,  авлига, албан тушаалын гэмт хэрэг нь бусад төрлийн гэмт хэргүүдээс шалгах хүрээ болон онцлогоос шалтгаалан санхүүгийн болон шүүх нягтлан бодох бүртгэлийн шинжилгээ хийх, гадаад улс орнуудад эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээний хүрээнд ажиллагаа явуулах, зарим хэргийн хамрах хүрээ нэмэгдэх, шинээр хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн авлигын эсрэг гэмт хэргүүд хохирол шаардахгүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй болсон зэрэг ачаалал бодитой нэмэгдсэн ч мөрдөн шалгах ажиллагааг тасралтгүй явуулсаар байна. 

 

АТГ өнөөдрийн байдлаар 4 улсын авлигатай тэмцэх байгууллагатай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, олон улсын 24 байгууллагатай санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааг хэрэгжүүлэх болон бусад чиглэлээр байнга хамтран ажиллаж байна. Мөрдөн шалгах хэлтсээс сүүлийн 2 жилийн байдлаар Эрх зүйн харилцан туслалцаа хүсэх мөрдөгчийн даалгаврыг 28 удаа бичиж 12 улсад хүргүүлж хариуг авч ажиллаж байна.

Shuud.mn
Сонин хачин
хао:
Ми овогт хятадын бөгсний өтнүүдийг бүгдийг нь солих шаардлагатай.
2018-12-10
IDREE UDAHGUI CHI ZAILNA BAATARJABINHAA GERT NI OCHOOD MURGU ANDAA
2018-12-09
IDREE HOGSHUUN SHAA
2018-12-09
харамсаж байна:
60 тэрбумын хэргийг АТГ дарга л хаацайлж байна гэхээр төрийн тогтолцоо буруу л байна. УИХ ын дарга л бүх хуулийн байгууллагыг атгаж байна гэхээр .... санаанд буухгүй байна. Ерөнхийлөгч хуулийн удирдлагыг хүчээр солих арга алга уу?
2018-12-08
Дубай ОТ Офшор гээд л том хэргууд нь таг болчихоо яаж ажиллаад байна гэж ард тумэн харж байгаа шуу дээ
2018-12-08
kkk:
SShaaa gaaaad baigaaraiiii ATG bol huuchnii DO yam bolchihood bgaa shuu. Mi enhboldiin buunii nokhoi Enkh60galiig uter turgen zailuulj Mi tei tsug horikh heregtea
2018-12-07
zochin:
206 tsagaan zahtanii hereg .vv yasanbih hav daraa ve .? borchuudiin hereg ingej vi olnooroo heden zuugaaraa ovoorfog bôl uu
2018-12-07