Трамп Засгийн газраа тараана хэмээн сүрдүүллээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сонгуулийн өмнө Мексикийн хил орчимд хана босгож, Латин Америкийн орнуудаас ирж буй хууль бус цагаачтай тэмцэхээ амласан юм.
Тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахад хамгийн нөлөөлөл АМЛАЛТ хэмээн олон нийт үздэг.
Хоёр улсын хил дээр хана барих ажил өнөөг хүртэл гацсан хэвээр байгаа ба Ерөнхийлөгч өчигдөр "Мексиктэй хил залгаа хил дээр хана босгох таван тэрбум ам.долларыг батлуулж чадахгүй бол би бүрэн эрхийнхээ хүрээнд энэ Засгийн газрын үйл ажиллагааг зогсоох болно" гэж мэдэгджээ.
Сөрөг хүчин Ардчилсан намынхан хоёр улсыг тусгаарлах хана барих үйл явцыг эрс эсэргүүцэж, санхүүжилтэд хаалт тавьж байгаа юм.
Трамп өчигдөр Конгрессийн хоёр танхим дах Ардчилсан намын удирдагчид болох Нэнси Пелоси, Чак Шумер нартай уулзсаныхаа дараа дээрх мэдэгдлийг хийжээ.
Тэд "Ерөнхийлөгчийг бүрэн ойлгож байна. Гэхдээ хана барих нь хууль бус. Харин АНУ-ын хилийн дагуух аюулгүй байдлыг сайжруулах арга хэмжээг 100 хувь дэмжиж байна. Энэхүү ажиллагаанд төсөв батлахад татгалзах зүйлгүй" гэж мэдэгдэв.
АНУ-ын Конгрессийн хоёр танхим төсвийг батлахгүй бол, төрийн байгууллагуудын ажил зогсоход хүрнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ