Орон нутгийн сонгуулийн хуулийг өөрчлөх шаардлагатай гэлээ
2012-01-16

АН-ын бүлгээр  Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцсэн байна. Хуульд зааснаар УИХ-ын сонгуулиар  Орон нутгийн сонгуулийг нэг өдөр явуулах ёстой. Тиймээс  Орон нутгийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай болжээ. Энэ талаар АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг  "УИХ-ын Сонгуулийн тухай хуульд зааснаар сонгогчдоос санал авах эцсийн цаг 20.00 цагт дуусгавар болдог. Орон нутгийн сонгуулийнх  22.00 цаг гэж заасан байдаг. Үүнийг   20.00 цаг болгох,  тойргийн хороо, хэсгийн хороо байгуулах зарчим нь УИХ-ын сонгуулийнхаас өөр зарчимтай учир зайлшгүй өөрчлөх шаардлага байна. Тэгэхээр Орон нутгийн сонгуулийн хуулийг УИХ-д мэдүүлж, намрын чуулган өндөрлөхөөс урьтаж хуулийг батлуулна" гэлээ. Мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай гэсэн багц төслийг хэлэлцээд УИХ-ын гишүүн П.Алтангэрэлээр ахлуулсан ажлын хэсэг байгуулжээ. Хуулийн төслийг зарчмын хувьд нь дэмжсэн байна. Оюутолгойн ордын нөөц их хэмжээгээр нэмэгдэж байгаа,  “Энержи ресурс” компани нь шийдвэр гаргагчтай холбоотой мэдээлэл ихээр гарах болсон тул УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулан асуудлыг  тодруулах хэрэгтэй гэж бүлгийн гишүүд үзсэн байна.
Shuud.mn
Сонин хачин