Л.Оюун-Эрдэнэ: М.Энхболд даргыг би хүндэлдэг

18:00 цаг:
МАН-ын III бага хурал үргэлжилж байна. Гишүүдийн ирц 80 хувьтай, хуралдаан хаалттай хэвээр үргэлжилж байна. Яг одоо Бага хурлын гишүүд санал хэлж байгаа юм байна.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:
-М.Энхболд даргад тусалж хамт олон дотроо асуудлаа шийдвэрлэж чадах сүүлийн цаг хугацаа өнөөдрийн энэ хурал байж магадгүй гэж бодож байна. Биднээс хамааралгүйгээр маргаашнаас эхлээд нийгмийн асуудал болж хувирах магадлалтай байгаа. Сүүлийн 27 жилийн туршид хуримтлагдаж хөшигний ард байсан асуудлыг ард түмэн мэддэг болсон. Шинэ жил болоод мартана гэж ярьж байгаа. Ямар нэг баяр ёслол болоод мартана гэж байхгүй болсон. Өнөөдөр бид энэ өөрчлөлттэй холбоотой асуудалд хариулт өгч чадахгүй бол нийгэм өөрөө хариулт өгнө.
М.Энхболд даргыг би хүндэлдэг. Гэхдээ нэг зүйлтэй нь эвлэрч чаддаггүй. Зарим нэг зүйлийг худлаа яриад байдаг. Х.Баттулга гэдэг хүнтэй холбоотой сошиалын штаб энэ тэр гээд нэлээд юм ярьж байгаа. Энэ хүнийг үнэндээ та л өөрөө Т.Бадамжунайг Сингапур руу авчирч, ял авах гэж байхад нь өршөөгөөд өөрөө захиалж дэвшүүлсэн шүү дээ. Энэ үнэн шүү дээ М.Энхболд дарга аа. Үүнийг чинь л МАНАН гэж яриад байгаа юм шүү дээ. Үнэн болсон зүйл гэвэл энэ. Тэгээд одоо үүнийг хэнд нялзаах гээд байгаа юм бэ. н.Баатар гэж хүнтэй холбогдсон энэ тэр гээд яриад байдаг. "Голомт"-ын Баясгалан гэдэг хүнтэй та өөрөө захиалга өгөөд л нэвтрүүлэг хийлгэсэн. Одоо тэгээд үүнийг ингэж яриад хэрэггүй. Дахиад л нөгөө МАНАН гэдэг чинь энэ.
Ц.Элбэгдоржийн гар хөл болсон намд шургачихсан байсан зүйлийн чинь эсрэг тэмцээд барахгүй явж байгаа нь үнэн шүү дээ. Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудлыг шийдье гээд явж үзсэн. Ц.Нямдорж гуай хэлэх байх. Хууль хяналтын байгууллага дээр очоод л таг гацдаг. Тийм болохоор бид сонгууль болохоор л ийм асуудлыг шийднэ гэж яриад хэрэггүй. Энэ бүх хувьчлалууд нэг хүн дээр очиж гацаад байгаа нь үнэн. Өнөөдөр бага хурал шийдвэрээ гаргах ёстой. Өөр хаана шийдвэр гаргах юм. Бага хурал нь их хурлын төв субъект. Цагаа сунгаад шөнөжингөө ярьж хэрэлдээд ч хамаагүй шийдэлд хүрэх ёстой. Хууль хяналтын байгууллагатай холбоотой нь үнэн. Х.Энхжаргал дарга хэрвээ миний асуудлаар оролдох юм бол гурав байсан асуудлыг гуч болгоно шүү гэж хэлж байсан. Зунжингаа бид асуудал дундуур явлаа.
МАН-ын бага хурлын гишүүн н.Батсүмбэрэл:
-Сүүлийн үед зарим Их хурлын гишүүд нам руугаа дайрдаг, намаа гүтгэдэг асуудал байна. Энийгээ болиосой гэж хүсч байна. Тэр тусмаа Ж.Мөнхбат намын Ерөнхий нарийн бичгийн дарга байсан хүн бусдыг зодоон цохион хийлээ гэж гүтгэхгүй байхыг хүсч байна. Жагсаал цуглаан хүртэл хийж нам руу давшилж байна. Нэгэн цагт намынхаа хамт олныг удирдаж явсан хүн байж намынхаа хамт олныг гүжирдэж гүтгэдэг, харлуулдаг, нам руу чиглүүлж жагсаал зохион байгуулдаг асуудлаа зогсоо. М.Энхболд даргад хандаж хэлэхэд хэсэг хүмүүсийн хатгалгаар заавал ингэж суудалтайгаа зууралдаад байх юм уу, олон л албан тушаал өгч үзсэн, авч үзсэн хүн шүү дээ.
МАН-ын бага хурал түр завсарлаад хуралдлаа
15:50 цаг:
МАН-ын бага хурал 15.30 цагт 15 минут түр завсарлалаа. Ингээд завсарлагаан дуусгавар болж, хуралдаан үргэлжиллээ.
Д.Дэмбэрэл: У.Хүрэлсүхийн намаа цэвэрлэх шаардлагыг дэмжиж байна
15:00 цаг:
МАН-ын 28-р их хурлын III бага хурал үргэлжилж байна. Шударга нийгмийн төлөөх олон олон нааштай шийд гаргаасай гэсэн нийгмийн хүлээлт болсон тус хуралдаанаар бага хурлын гишүүд нээлттэй үзэл бодлоо илэрхийлсээр байна.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:
-2012 онд Ардчилсан нам олонхиороо сонгогдон хариуцлагагүй ажилласны дүнд ард түмэн муу дүн тавихын зэрэгцээ улс төрийн ууган хүчин МАН-ын туршлагад найдан сонголтоо хийсэн. Ард түмэн манай намыг хүндэтгэдэг учраас сонгосон юм. Бид АН-ын засаг барьсан цаг үед нэгдэж ялалт байгуулж чадсан. Нэг голын уснаас ундаалж явсан залуу цагийн найзууд М.Энхболд, У.Хүрэлсүх та 2 намын даргын тамгаа солилцохдоо МАН-ын 100 жилийн ойгоор ялалт байгуулна гэж тэврэлдсэн шиг өнөөдрийн хурлын дараа ч бас ойлголцож тэврэлдээсэй гэж хүсч байна.
УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл:
-Намын дарга У.Хүрэлсүхийн намаа цэвэрлэх шаардлагыг дэмжиж байна. Та энэ цаг үед улс орноо удирдаж авч явж чадахаа харуулах хэрэгтэй. УИХ-ын дарга М.Энхболд та хуулиас гадна бичигдээгүй ёс зүйн хууль гэж байдгийг мэдэж, баримтлах хэрэгтэй. Үүн дээр намын бага хурлын гишүүд та бүхэн үгээ нээлттэй илэрхийлэх эрхтэй.
М.Энхболд:ҮАБЗ дээр асуудал хэлэлцэхэд би ганцаардах тохиолдол ч байгаа
14:30 цаг:
МАН-ын бага хурал хаалттай үргэлжилж байна. Тус хуралд намын дарга У.Хүрэлсүх улс төрийн илтгэл тавихдаа УИХ-ын дарга М. Энхболдыг албан тушаалаа өгөх ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн. Намын даргын илтэлтэй холбогдуулан гишүүн Ё.Баатарбилэг УИХ-ын дарга М.Энхболдоор үг хэлүүлэх санал гаргасан байна. Ингээд УИХ-ын дарга М.Энхболд хэлсэн үгэндээ:
-Би намын даргыг өгөхөд хууль хяналтын байгууллагуудын хүрээнд энэ асуудлаа шийдчихсэн, хүлээлгэж өгсөн. 2016 оны зургадугаар сарын эхээр энэ яриа хөөрөө гарч. Энэ яриа хөөрөө гарсан байсан ч бид 65 суудал авч, амжилт гаргаж байсан. Аравдугаар сарын 19-нд орон нутгийн сонгууль болоход бас л “60 тэрбумын” яриа гарсан. Гэхдээ бид 21 аймгийн 234 суманд, нийслэлийн есөн дүүргээс зургаан дүүрэгт бас ялалт байгуулсан. Өнөөдрөөс хойш бүх үйл явдлуудыг нам хэрэв сонгуульд амжилт гаргахгүй бол “60 тэрбум”-аас боллоо гэдэг үнэлэлт дүгнэлтийг өгөөд байгааг би гайхаж байна. Өнөөдрийн Монгол улсын Ерөнхийлөгч “60 тэрбум”-ыг цэгцэлнэ гэж ярьж, сонгуульд ялж, ялалт байгуулсан. Өнөөдөр манай нөхдийн дундаас бас “60 тэрбумын” асуудлыг ярьж байна. 2016 оны зургаадугаар сараас хойш 11 сар хүртэл гурван удаа 2017 оны наймдугаар сараас эхлээд 12 дугаар сар хүртэл хууль хяналтын байгууллага хянаж үзээд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан, үүсгэсэн хэргээ хэрэгсэхгүй болгосон. Хүний нэр төрд халдсан байна гэдэг үнэлэлт дүгнэлт гаргасан, дүүргийн болон шүүх прокурорын шийдвэрүүд гарсан байсан. Энэ бол би МАН-аас 60 тэрбум гэдэг яриаг салгаж хууль эрхзүйн үндэслэл нь тавигдсан гэж ойлгож байна. Бидний нүүрэн дээр батга мэт наалдсан байсан энэ зүйл биднээс салах боломж бололцоо байсан. Харамсалтай нь бид өөрсдөө аваад хаячихсан тэр хатиг, батгаа эргүүлж өөрснөө авч нүүрэндээ наасан. Одоо өнөөдөр энэ зааланд сууж байгаа хүмүүс тэр 60 тэрбумын схемээр хэн нь хэнд хэдэн төгрөг өгөөд албан тушаалд томилогдсон юм бэ, тэрийгээ ярих хэрэгтэй. Би бол нэг ч хүнийг тэр 60 тэрбум гэж яригдаж байгаа схемээр, хүнээс мөнгө төгрөг авч ийм ажил албан тушаалд томилоогүй гэдгээ өмнө ч хэлж байсан, одоо ч бас хэлж байна.
Намын шийдвэр гарлаа ажлаа өгч байсан, Ерөнхийлөгчийн сонгуульд хариуцлагагүй оролцлоо гээд би намын даргад нэр дэвшилгүй, дараагийн хүнд нь тамгыг гардуулж шилжүүлж явсан. Би яг өөрийн амрыг хараад энэ хэл амнаас хол байя гэж бодвол энэ албыг өгөхөд надад болохгүй зүйл гэж үгүй, гэхдээ өнөөдөр цаг нь биш. Өнөөдрийн парламентын үйл ажиллагаанд үүсээд байгаа нөхцөл байдал, Монгол улс парламентын засаглалтай хэвээрээ байх уу, үгүй юу гэдэг асуудал хөндөгдөх гээд байгаа. Энэ нөхцөл байдал, манай намын дотоод асуудал, ЖДҮХС-аас зохион байгуулалттай гэж хэлж болохоор зээл авсан, тэр нь олон түмний бухимдлыг төрүүлээд байгаа энэ цаг үед бол хүндрэл бэрхшээл асуудлаас зугатааж байгаа мэтээр өргөдлөө өгөөд явахыг би буруу гэж бодож байна. Харин өнөөдрийн энэ нөхцөл байдлыг дагуу ёс журмын дагуу асуудлууд шийдэгдэж, төр засаг үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломж бүрдсэн үед асуудал өөр байна. Өнөөдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүний хувьд би бас Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр хэлэлцэгдэж байгаа зарим нэгэн асуудал дээр байр суурь ганцаардах явдал ч байгаа. Үүнийг бодох ёстой асуудал гэж би боддог. Ингээд та бүхний ажил үйлсэд амжилт хүсье хэмээжээ.
У.Хүрэлсүх: МАН-ын хуурамч эв нэгдлийг таслан зогсооно
14:00 цаг:
МАН-ын бага хурал Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна. Хуралдаан МАН-ын дарга тавьсан илтгэлдээ:
-Ард түмнээсээ ангижирсан нам мөхдийнэ. Ард түмний хүсэл бодлыг, ард түмнийхээ итгэл, үнэмшлийг, ард түмнийхээ хүлээлтийг, сонсож, мэдэрч, тэрэнд нь тохирсон хариу арга хэмжээ авч чаддаггүй улс төрийн хүчин мухардалд ордог. Олон өөрчлөлтийг бид цаг алдахгүй хийхгүй бол бидэнд одоо цаг, хугацаа алга. Хүмүүс итгэж найдаад бидэн рүү харсаар сууна. Тийм учраас бид нам дотроо тодорхой хэмжээний хариуцлага тооцох цаг болжээ. Манай нам олигархижсан, мафижсан байна. Манай нам сүүлийн үед компанижлагджээ.
Ардын нам ардын нам байх ёстой, олигархиудын биш. Ард түмэн юу юунаас илүү шударга ёсыг хүсч байна. Нам дотроо хариуцлага ярих зайлшгүй шаардлага байгаа. Хөрөнгөтэй мөнгөтэй хүмүүс намын намын толгойд гарч хууль бус зүйл хийж байна. МАНАН бий болжээ. Үүнийг таслан зогсоох ёстой. Өнгө мөнгөнд автсан, газрын хэвлийн баялгаар баяжсан хүмүүс намд байна. Ийм байж болохгүй. Энэ миний хүслээс гадна ард түмний маань хүсэл. Манай нам хуурамч эв нэгдэлтэй байна, энэ бол хойч ирээдүйд маань хортой. Үүнийг таслан зогсооно. 2016 онд морьдохын хазгай болсон. Намын дарга Ерөнхий сайд болох байсан, болоогүй. Дараа нь 2017 оны сонгуульд ялагдсан.
Би М.Энхболд даргыг өргөдлөө өгөөсэй гэж хүсч байна. Шударга ёсыг тогтоож, нам доторх шударга ёс энэ бүхнийг цогцлоон байгуулахгүй бол хөлөг маань живэх нь ээ. Намынхаа 200 гаран мянган гишүүд Монголынхоо 3 сая хүнд итгэл найдвар, шударга ёсыг хангасан ийм Бага хурал болно гэдэгт итгэж байна хэмээн онцоллоо.
МАН-ын бага хурал 63.4 хувийн ирцтэй байна
13:25 цаг:
МАН-ын бага хурал Тусгаар тогтнолын ордонд хаалттай болж байна. МАН-ын бага хурал 369 гишүүнтэй. Бага хурал 63,4 хувийн ирцтэйгээр эхэлжээ. Хурлын эхэнд МАН-ын дарга У.Хүрэлсүх улс төрийн илтгэл тавьж байна.
Дараагаар нь Хяналтын хорооны мэдээллийг сонсох юм.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ