Л.Энх-Амгалан: Хуралдаанаа тасалсан гишүүдийн цалинг хасна

11:40 цаг
УИХ-ын чуулганы хуралдаан тав дахь удаагаа хойшиллоо. Өнөөдрийн чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн Х.Баттулга цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх байлаа. УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан "Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөсөө хүлцэл өчье. ҮАБЗ-ийн бүрэлдэхүүн гурван гишүүнтэй. Чуулганы хуралдаанд УИХ-ын дарга, ҮАБЗ-ийн гишүүн М.Энхболд хүрэлцэн ирсэн байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх ҮАБЗ-ийн гишүүний хувьд чуулганы хуралдаанд хүрэлцэн ирэх ёстой. Гэвч чуулганы хуралдаандаа ирсэнгүй. Мөн УИХ-ын 32 гишүүн чуулганы хуралдаандаа ирсэнгүй, тасаллаа.
УИХ-ын чуулганы танхимд хүрэлцэн ирсэн 36 гишүүнийхээ нэрийн өмнөөс ард түмнээсээ уучлал хүсье. Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж байна. Сонгосон гишүүдээ чуулганы хуралдаанд хүрэлцэн ирүүлэхийг шаардахыг хүсье. УИХ-ын даргын зөвлөлөөр хэлэлцэж, чуулганы хуралдаанаа тасалсан гишүүдийн цалинг хасах захирамж гаргахыг хүсье. Цалинг нь л хасах заалттай юм билээ. Ингээд өнөөдрийн чуулганыг хуралдуулахаар 1.34 цаг хүлээлээ. Иргэд сонгогчдоосоо хүлцэл өчиж байна. Ингээд өнөөдрийн чуулганыг өндөрлүүлж байна.
Ирц бүрдээгүйгээс чуулганы хуралдаан эхлээгүй байна
11:04 цаг:
УИХ-ын чуулганы хуралдаан өнөөдөр 10 цагаас эхлэх товтой ч хугацаанаасаа нэг цаг хойшилж байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дэд дарга Л.-Энх-Амгалан "Засгийн газрын гишүүд хуралдааны танхимд орж ирэхгүй байгаа учраас хэлэлцэх асуудлууд хойшлогдсоор байна. Тухайлбал, Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудал дөрөв дэх удаагаа хойшилж байна. Валютын ханш, агаарын бохирдол зэрэг цаг үеийн асуудал мөн хойшилсоор байна. УИХ-ын чуулганы үйл ажиллагааг Үндсэн хууль, УИХ-ын тухай, Дэгийн тухай хууль зөрчиж байгаа хууль бус үйлдлээ зогсоогооч гэж УИХ-аас Засгийн газарт хүргүүлсэн. Тиймээс энэ шаардлагыг дахин сануулъя гэж бодож байна гээд уг шаардлагыг уншиж танилцууллаа. Энэ шаардлагын хариу ирээгүй байгаа юм.
УИХ-ын дэгийн тухай хуулиар үүргээ биелүүлэхгүй байгааг гишүүдэд сануулга өгье. УИХ-ын гишүүн УИХ-ын хэвийн үйл ажиллагааг хангах үүрэгтэй. Монгол Улсын Үндсэн хууль, УИХ-ын тухай хууль, УИХ-ын чуулганы тухай хуулиар үүрэг хүлээсэн. Зөвхөн хүндэтгэх шалтгаанаар хуралдаан даргалагчаас чөлөө авдаг. Өнөөдөр хүндэтгэх шалтгаанаар чөлөө авсан 7 гишүүн байгаа. Хүндэтгэх шалтгаан гэдэг нь гишүүн өвчтэй байсан, гадаад, дотоод томилолттой, хурал, цуглааны улмаас чөлөө авсан байх ёстой.
УИХ-ын Дэгийн тухай хуулийн 4.10-т "Монгол Улсын Үндсэн хуулийн тодорхой заалтыг илтэд зөрчсөн асуудал хэлэлцсэн, эсхүл Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг эсэргүүцэхээс бусад шалтгаанаар гишүүн, нам, эвслийн бүлэг хуралдаанд оролцохгүй байх буюу түүнийг орхиж гарахыг хориглоно" гэж заасан байдаг. Тиймээс Засгийн газрын гишүүд тав дахь удаагаа УИХ-ын чуулганы хуралдаан оролцохгүй байна.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнг ирцээ бүрдүүлэхийг шаардаж байна хэмээлээ.
Одооогийн байдлаар чуулганы танхимд 34 гишүүн хүрэлцэн ирээд байгаа юм.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ