Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 23.3 хувиар буурчээ
2018-12-21
Гэрэл зургийг MPA.mn

 

Шинэ он дөхөж аж ахуйн нэгж байгууллага, хамт олон баяр, ёслолыг тэмдэглэн өнгөрүүлж байгаатай холбогдуулан иргэдийн аюулгүй байдлыг хангах, гарч болзошгүй зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор тус албанаас гудамж замын хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.

 

Хяналт шалгалт эрчимжиж эхэлснээр нийслэлийн хэмжээнд 2018 оны 12 дугаар сард нийт 810 согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил илрүүлсэн нь өнгөрсөн оны үзүүлэлтээс 23,3 хувиар буюу 247 нэгжээр буурсан байна.

 

Мөн нийслэлийн хэмжээнд эхний 12 дугаар сарын 20-ны байдлаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 16434 зөрчил илрүүлснээс 14322 зөрчилд жолоодох эрх хасах, 1579 зөрчилд 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулж ажиллалаа. Энэ төрлийн зөрчил гаргаж байгаа жолооч нарын 55 орчим хувь нь 18-35 насных бөгөөд эрэгтэй жолооч нар эзэлж байна.

 

Мөн шинэ жилээ тэмдэглэх үедээ архи, согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэж, өөрийгөө хянах чадваргүй болсон хүмүүс танхай, хулгай, дээрэм гэх мэт гэмт хэрэг, зам тээврийн ослын хохирогч, холбогдогч болох, осгох хөлдөх зэрэг байдлаар амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч байна.

 

Шинэчилсэн Замын хөдөлгөөний дүрмийн 27.2.б хэсэгт “Өөрийн үйлдлийг хянах чадваргүй согтуурсан, мансуурсан байдалтай буюу сэтгэцийн өвчтэй хүнийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх"-ыг иргэн, хуулийн этгээдэд үүрэг болгосон бөгөөд энэ нь тэдгээр хүмүүсийн аюулгүй байдлыг хамгаалахад чухал ач холбогдолтой мөн тээврийн хэрэгслээр зорчигчийн аюулгүй байдлыг хангах, зорчигчоос шалтгаалан аюул, осол гарахаас сэргийлэх үүднээс дүрмийн 23.9.з хэсэгт “Өөрийн үйлдлийг хянах чадваргүй (согтуурсан, мансуурсан гэх мэт) хүнийг урд суудалд, эсвэл жолоочоос өөр харгалзаж хамгаалах хүнгүйгээр тээвэрлэх зэргийг жолоочид хориглосон болно.

 

Иймд байгууллага, хамт олон баяр, ёслолын үйл ажиллагааг зохион байгуулахдаа оролцож буй иргэдийн аюулгүй байдлыг хангаж нэгдсэн унаагаар үйлчлэх, найдвартай дуудлагын жолооч дуудах, такси үйлчилгээнд суулган гэрт нь хүлээлгэн өгөх зэрэг аюулгүй ажиллагааг дотооддоо зохион байгуулах шаардлагатай байна.

 

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашинаа унаад явчихна, ойрхон замд болно, их уугаагүй юм чинь зүгээр эсхүл баригдахгүй байх зэргээр хөнгөмсөгөөр найдаж замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхааруулж байна.

Shuud.mn
Сонин хачин