Х.Нямбаатар: МАНАН бүлэглэлийн загалмайлсан эцэг Ц.Элбэгдорж МАН-ыг татан буулгах гэж байна

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар нар цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаасаа чөлөөлөхийг шаардаж, чуулганы хуралдаанд оролцохгүй байгаа юм.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:
-Төрийн албан тушаалтнууд үйл ажиллагаандаа ёс зүйн хэм хэмжээг барих хэрэгтэй. Үр дүн нь цаашдаа барьж байгаа. Зарим байгууллага, зарим Засгийн газрын гишүүд үйлдлээ хуулийн байгууллагаар тогтоолгохыг хүлээхгүйгээр ёсзүйн алдаа гарсан бол хариуцлагаа хүлээдэг болж байгаа. Ёс зүйн хэм хэмжээг баривал төрийн алба хариуцлагажина. Ажлыг хариуцлагатай ажиллах хүмүүс авч явна. Хариуцлагатай албан тушаал руу шунан дурладаг хэм хэмжээ таслан зогсоогдоно. М.Энхболдыг өөрчлөхийн тулд нэр бүхий 40 гишүүн чуулганы ажиллагаанд оролцохгүй байсаар сар орчим төрийн үйл ажиллагаа гацаж байгаа. Нэг хүний албан тушаал чухал уу, төрийн үйл ажиллагаа чухал уу.
12 дугаар сарын 18-ны өдөр бидний нэр бүхий гишүүд Төрийн ордонд "МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл" хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт төрийн бус байгууллага, иргэд идэвхтэй оролцож, санал бодлоо хэлсэн. МАНАН гэж байгалийн баялгийг өөрсдөдөө хуваарилах зорилготой нам даганасан этгээдүүдийг нэгтгэсэн мафижсан этгээдүүдийг хэлнэ. Энэ хэлэлцүүлгээс уриалга шаардлага гаргаж, УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлж, 48 цагийн дотор үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхийг хүссэн. Хэрвээ энэ шаардлагыг хүлээж авахгүй бол орон даяар эсэргүүцлийн хөдөлгөөн хийнэ.
УИХ-ын гишүүн Л.Болд:
-Монголын төрийг барьцаалсан УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаасаа огцрохыг шаардсан. Монголын төрийг гацаанаас гаргах нөхцөл бололцоог хангаж өгөхийг шаардаж байна. Энэ хугацаа ирэх пүрэв гаригт дуусгавар болно. Шаардлагыг биелүүлэхгүй бол бид орон даяар эсэргүүцлийн цуглаан зохион байгуулна. МАНАН гэдэг бол харийн түрэмгийлэл. Монголчуудаа мориндоо гэж хэлье.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан:
-Ирэх пүрэв гаригийн цуглаан тайван жагсаал байх болно. Энэ талын бүх арга хэмжээг авч ажиллана. Гадныхантай нийлсэн улс төр, эдийн засгийн МАНАН бүлэглэл монголчуудыг боолчилж байна. Монголын багш, эмч нар бүтэн жил ажиллаад барууны орны багш эмч нарын нэг өдрийн цалинг авч байна. Үүнийг колончлол, мөлжлөг гэдэг юм. Монголчууд нэгдэн тэмцэх цаг болсон. Улс төр, хууль хяналтын байгууллагын эсрэг бид нэгдэх цаг болсон. Бидний энэ тэмцэл хувьсгалт тэмцэл юм. Хулгайн бүлэглэл нам харгалзахгүйгээр Монголыг тонон дээрэмдэж байхад эх орончид нам харгалзахгүй нэгдэх цаг болсон.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:
-Өнөөдөр УИХ-ын даргын үйл ажиллагааг эсэргүүцэж, нэр бүхий 40 гишүүн гарын үсэг зурсан. Төрийн үйл ажиллагааны үндсэн зургаан зарчмыг хуульчилж өгсөн. Ардчилсан ёс, хүний шударга ёс, эрх чөлөө, тэгш ёс, хууль дээдлэх гээд энэ зургаан зарчим алдагдаж байна. Нэг хүний суудлын үнэ цэнэтэй хууль тогтоох дээд байгууллага гэж дэлхийн аль ч улс оронд байдаггүй. Үндсэн хуулинд ийм зохицуулалт байхгүй. УИХ-ын дарга Монгол Улсын Ерөнхийлөгчөөс илүү эрх мэдэлтэй болсон. Үүнийг цаашид хуулийн хүрээнд засч залруулах хэрэгтэй. МАНАН гэдэг бүлэглэл улс төр, эдийн засаг, бизнес , хуулийн хүрээнд байгаа. Энэ дэглэмийн нэг институци нь ҮХЦ болчихоод байна. ҮХЦ-д маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг онцгой журмаар их суудлын хуралдаан зохион байгуулах байтал гацаасаар байна. Бидний хүч мөхөсдөж байгаа учир бид иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарч эсэргүүцлийн цуглаан зохион байгуулъя гэж байна гэлээ. Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Төрийг гацаан хуралдаандаа оролцохгүй байх шаардлага байна уу?
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:
-Нэг албан тушаалтанд буугаад өгдөг ард түмэн гэж байхгүй. "60 тэрбум"-ын хэргийг эвлүүлэг гээд хаасан байсан. Одоо яриа байснаас бус хэрэгжээгүй гэж байгаа. Өнөөдөр "60 тэрбум"-ын асуудлыг ярьсан гэдгээрээ албан тушаалаасаа огцрох нэг үндэслэл. Энэ удаагийн тэмцэлд олон залуучууд ирээсэй гэж бодож байна. Монголын төр аюулгүй байдлыг хангаасай гэж бодож байна. Бид шинэ нийгэм рүү явах ёстой. Бид үг хэлэх эрх чөлөөгөө эдлэх ёстой. Бид бууж өгч, эвлэрч, шантарч болохгүй.
-Төрийн дээр нам гарч байгаа юм биш үү? УИХ-ын даргыг чөлөөлөх намын шийдвэр гарсан байна.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:
-Бид шат дараалсан үйл ажиллагааг авч байгаа. Үүний нэг нь УИХ-ын гишүүдийн олонхийн гарын үсэгтэй байр суурь байгаа. Үүний зэрэгцээ М.Энхболдын харъяалагддаг намаас улс төрийн шийдвэр гаргасан байгаа. МАН-ын дарга У.Хүрэлсүх бага хуралд оруулж хэлэлцүүлсэн. Бага хурлын төлөөлөгчдийн 95 хувь нь намын даргын байр суурийг дэмжсэн. М.Энхболдын эсрэг бага хурал боллоо гэдэг ташаа мэдээлэл худлаа. Улс төрийн нам өөрийн дүрмийн заалт, холбогдох боловсон хүчнийг томилох, хариуцлага тооцох журамтай.
-МАН-ыг татан буулгахаар хэсэг иргэд УДШ-д хандаад байгаа. Энэ талаар?
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:
-МАН-ыг улсын бүртгэлээс хасъя гэж байна. Энэ бол МАНАН бүлэглэлийн загалмайлсан эцэг Ц.Элбэгдорж өөрсдийн хувийн эрх ашгийн үүднээс гаргаж байгаа. Намыг фашист болон экстриминц үйл ажиллагаа явуулсан тохиолдолд татан буулгадаг. МАН ийм зүйл ажиллагаа явуулаагүй. Загалмайлсан эцэгт нь энэ нам хамааралгүй болсон учир татан буулгах гэж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ