Л.Энх-Амгалан: Засгийн газар хууль зөрчиж байгаа асуудлаар ҮХЦ-д гомдол гаргасан

УИХ-ын чуулганы ирц бүрдээгүйгээс хуралдаан хойшиллоо. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангаас зарим зүйлийг тодрууллаа.
-Өнөөдрийн чуулганд хичнээн гишүүн ирсэн бэ?
-Өнөөдрийн чуулганы хуралдаанд 68 гишүүн ирэх ёстой. 7 гишүүн хүндэн үзэх шалгаанаар чөлөөтэй байгаа. Өнөөдрийн чуулганд 32 гишүүн хүрэлцэн ирлээ. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн Х.Баттулга УИХ-д мэдээлэл хийх хуваарьтай байлаа. Гэвч ирц бүрдээгүйгээс хойшилсон. Өчигдөр ҮАБЗ-өөс УИХ-д албан бичиг ирсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн үндэсний аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл хийх шаардлагатай байна гэсэн. Энэ шаардлагыг УИХ дахь намын бүлгүүдйн дарга нар, хурлаа тасалсан 30 гишүүнд энэ шаардлагыг хүргүүлсэн. УИХ-ын даргыг өөрийн хүсэлтээр албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэх хуульзүйн үндэслэлгүй гэж үзсэн. Үүнийг УИХ-ын даргад хүргүүллээ.
Өнөөдөр маргааш хоёр энэ оны хамгийн сүүлчийн чуулган болно. Он гарахаас өмнө хэлэлцэх шаардлагатай хэд хэдэн асуудал байгаа. ХХААХҮ-ийн сайд огцроод хоёр сар шахам болж байна. БСШУС-ын сайдыг огцруулсан, ЗТХ-ын сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ. Дараагийн сайд нараа томилох шаардлагатай. Ийм нөхцөл байдал үүсээд байхад өнөөдөр чуулганы хуралдаан зургаа дахь удаагаа хойшиллоо.
УИХ-ын нэр бүхий гишүүд УИХ-ын даргыг огцруулах хуулийг санаачлан оруулж ирж болохгүй юу?
-УИХ-ын 75 гишүүнд хууль санаачлах эрх нь байгаа. Үүсээд байгаа нөхцөл байдлаас ойлголцол, зөвшилцлөөр шийдэх ёстой. УИХ-ын гишүүд Сүхбаатарын талбайд жагсах биш хуулиа санаачлах эрх нь бий. Хуулийн зохицуулалтыг хийж болно. 40 гишүүн хуулиа санаачлаад хэлэлцүүлээд баталж болно.
-Хуралдаандаа ирээгүй гишүүдийн цалин хассан уу?
-УИХ-ын гишүүд хуралдаандаа ирэхгүй байгаа тул цалингаас нь хасч байгаа.
-Хууль зөрчиж хуралдаанаа тасалж байгаа гишүүдэд өөр ямар арга хэмжээ авах вэ? Чуулганы ирцийг бүрдүүлж, хуралдуулах ямар гарц байна вэ?
-УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын нэр бүхий дөрвөн гишүүн Засгийн газар Үндсэн хууль зөрчиж байгаа асуудлаар ҮХЦ-д гомдол гаргасан. Мөн чуулганы хуралдааныг тасалж байгаа үйлдэл нь хэд хэдэн хуулийн төсөл зөрчиж байгаа. Тиймээс энэ асуудлаар ҮХЦ-д өгсөн байгаа.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ