ДЭЛХИЙ ДАХИН: Онцлох үйл явдлууд
2018-12-31

Хэдхэн хормын дараа улиран одох гэж буй 2018 онд дэлхий дахинаа болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

 

ТҮҮХЭН УУЛЗАЛТ

 

 

1950-1953 оны хооронд хоёр Солонгосын дунд дэгдсэн дайны дараагаас АНУ болон Хойд Солонгос зөрчилдөх болсон юм. Уг дайнд америкчууд Азийн гол холбоотон улс Өмнөд Солонгос улстай хамтран ажиллажээ. Хагас зуун жил зөрчилдөөнтэй, нэг үгээр "дайсагнасан" харилцаатай байсан АНУ-Хойд Солонгосын удирдагч нар өнгөрөгч зургаадугаар сард Сингапурт уулзаж, хамтран ажиллахаар тохиролцжээ. Уг уулзалтыг олон улс ТҮҮХЭН УУЛЗАЛТ хэмээн тодорхойлжээ.

 

ХУДАЛДААНЫ ДАЙН

 

 

Дэлхийн хүчирхэг гүрнүүд болох АНУ, БНХАУ-ын эрх баригчид өнгөрсөн хугацаанд худалдааны салбарт  зөрчилдөж, дэлхийн эдийн засгийг ихээхэн савлуулж буй юм.  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ оны эхээр БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд 200 тэрбум ам.долларын татвар ноогдуулахаа мэдэгдснээс болж, хоёр улс өнөөг хүртэл зөрчилдсөөр байна.

 

АГУУ УДИРДАГЧ

 

 

Дэлхийн хүчирхэг удирдагчдын нэгээр зүй ёсоор нэрлэгдэх ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өнгөрсөн гуравдугаар сарын 18-ны өдөр зохион байгуулагдсан Ерөнхийлөгчийн сонгуульд ҮНЭМЛЭХҮЙ ялалт байгуулж, дөрөв дэх удаагаа Кремлийн тэргүүнээр сонгогдлоо.

 

ДЭЛХИЙН АВАРГА

 

 

ОХУ хөлбөмбөгийн ДАШТ-ийг тун амжилттай зохион байгууллаа. Тус улс спортын хаан гэгддэг хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулахын тулд 14.2 тэрбум ам.доллар зарцуулжээ. Түүхэндээ ийм өндөр зардлаар спортын наадам зохион байгуулж буй. “Алтан дагина” цомын төлөө Франц-Хорватын шигшээ баг тулсан юм. 4:2 онооны харьцаатай Францын шигшээ баг ялалт байгуулжээ.

 

ИНДОНЕЗ БА ЦУНАМИ

 

 

Индонезчууд энэ жилийг тун хэцүүхэн даван тууллаа. Учир нь тус улсад олон байгалийн гамшиг ар араасаа болж, олон хүн байгалийн хүчний өмнө харамсалтайгаар өвдөг сөгдөж, амиа алдахад хүрчээ. Өнгөрөгч есдүгээр сард тус улсад 7.5 магнитудын газар хөдлөлт болж, 2500 орчим хүн амиа алдсан бол долоон хоногийн дараа болсон газар хөдлөлтөөр мөн 500 орчим хүн амиа алджээ. Хоёр долоо хоногийн өмнө болсон газар хөдлөлтөөр 300 орчим хүн амиа алдаж, сая орчим хүн орон гэргүй болжээ.  Индонез улсад энэ жил 1,000 гаруй газар хөдлөлт бүртгэгдсэн гэнэ.

 

АНАГААХ: ШИНЭ НЭЭЛТ

 

 

Бразилийн Сан Пауло хотын эмч нар нас барсан эмэгтэй савыг өөр эмэгтэйд суулгажээ. Донорын тусламжтай савтай болсон бүсгүй амжилттай хүүхэд төрүүлсөн нь анагаахын салбарын шинэхэн нээлт боллоо. Хүү эсэн мэнд торниж, биеийн эрүүл мэнд нь хэвийн байна. Энэ нь нас барсан эмэгтэйгээс сав шилжүүлэн суулгаж, хүүхэд нь эсэн мэнд мэндэлсэн анхны тохиолдол гэнэ.

 

“НАСА”: ШИНЭ АЛХАМ

 

 

АНУ-ын Сансар судлалын хүрээлэн буюу “НАСА”-ийн хөөргөсөн сансрын төхөөрөмж болох “InSight” өнгөрөгч сард улаан нүдэн гариг Ангараг гаригт амжилттай газардсан юм. Тус сансрын төхөөрөмж хагас жилийн хугацаанд 480 сая километр замыг туулж, зорьсон газраа хүрчээ.

 

МӨРӨӨДЛИЙН АРМИ

 

 

АНУ болон Японы эрх баригчид САНСРЫН АРМИ-тай болохыг мөрөөддөг тухайгаа мэдэгджээ. Вашингтон ирэх 2020 оноос уг армийг бий болгох анхны алхмыг хийхээ мэдэгдсэн бол Япон ирэх 2020 онд Токио хотноо зохион байгуулагдах зуны олимпиос өмнө тус армийн суурийг тавихаар төлөвлөж буйгаа илэрхийлжээ.

 

СЭТГҮҮЛЧ БА ҮХЭЛ

 

 

Олон улсын “Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллагаас жил бүр уламжлал ёсоор олон улсад сэтгүүлчдийн эсрэг үйлдэгдсэн халдлага, хүчирхийллийн талаарх тайланг танилцуулдаг.

Энэ онд нийт 80 сэтгүүлч ажил үүргээ гүйцэтгэж байхдаа бусдын гарт амиа алджээ. Мөн 348 сэтгүүлч ял авч, 60 сэтгүүлч сураггүй болж, барьцаалагдсан байна. Сэтгүүлчдийн эсрэг үйлдэгдсэн хамгийн ноцтой хэрэг өнгөрөгч аравдугаар сард гарсан. "Вашингтон Пост" сонины сэтгүүлч, тоймч Жамаль Хошагги Туркийн Истанбул хотын Саудын Арабын консулын газарт очсоныхоо дараа сураггүй болж, амиа алдсан юм. Мьянмарын шашны цөөнх Роханжи үндэстний эсрэг үйлдэгдэж буй гэмт хэргийн талаар сурвалжлага бэлдсэн явсан "Ройтерс" агентлагийн сэтгүүлч, зураглаачид тус улсын шүүхээс 14 жилийн оноожээ.  2018 онд амиа алдсан сэтгүүлчдийн 70 орчим хувь нь зохион байгуулалттай аллагын золиос болжээ.

 

ӨНӨР БҮЛ

 

 

Их Британийн сүр жавхлант эзэн хаан II Элизабетийн ач хүү, угсаа залгамжлах ханхүү Уилъям дөрөвдүгээр сарын 23-нд бяцхан хүүгээ өлгийдөн авчээ. Тэрбээр хүүдээ Луис гэх нэрийг хайрлажээ. Мөн Луис ханхүүгээр гадна ханхүү Харри тавдугаар сард Америкийн уран бүтээлч Меган Маркл гэх бүсгүйтэй сүр дуулиантай гэрлэсэн юм.

 

ОСОЛ: 189 ХҮНИЙ ҮХЭЛ

 

 

Индонезийн Ява тэнгист "Lion Air" компанийн "Boeing 737" онгоц өнгөрөгч арваннэгдүгээр сард осолдсон билээ. Ослын улмаас онгоцонд зорчиж явсан 189 хүн амиа алдсан юм. Ослын шалтгааныг урьдчилсан байдлаар техникийн саатал хэмээн үзэж байна.

 

ЖИНХЭНЭ ГАЙХАМШИГ

 

 

Тайландын хойд хэсгийн Чиан Рай мужийн Лам Таунг агуйн гүнд 16-18 өдрийг өнгөрүүлсэн өсвөрийн хөлбөмбөгийн “Зэрлэг баавгай” клубын 11-16 насны 12 хөвгүүн, 25 настай дасгалжуулагч өчигдөр амь насыг нь аварсан Их Британи болон Тайландын аврагчид аварсан юм. Аврах ажиллагаа эхлэхэд хөвгүүдийг эсэн мэнд аврах ямар ч боломжгүй хэмээн олон улс үзэж байв.

 

ДЭЛХИЙН МИСС

 

 

БНХАУ-ын Санья хотноо 68 дахь удаагийн гоо сайхны олимп гэгддэг “Дэлхийн мисс” тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жилийн титмийн эзнээр Мексикийн гоо бүсгүй Ванесса Понсе тодорчээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин