Өнөөдөр цусаа бэлэглэх өдөр
2019-01-03

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Цусны донорын Үндэсний өдөр өнөөдөр /2019.01.03/ тохиож байна. Энэхүү арга хэмжээг ЦССҮТ-өөс дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй бөгөөд энэ жил JCI капитал олон улсын байгууллага хамтран тэмдэглэж буйгаар онцлог аж.

 

Хүн амын дунд нас, хүйс, амьдран суугаа газар нутгаас үл хамааран сайн дурын, байнгын авлагагүй донор байх талаарх иргэдийн мэдлэг, хандлага, дадал сул байгааг “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 5” төслийн хүрээнд хийсэн “Сайн дурын авлагагүй цусны донорын талаарх хүн амын мэдлэг, хандлага, дадал тогтоох судалгаа”-аар тогтоожээ. Судалгааны үр дүнд, судалгаанд хамрагдсан 3851 оролцогчдын 58.0 хувь, эрэгтэйчүүдийн 61.2 хувь, эмэгтэйчүүдийн 56.8 хувь нь цусаа бэлэглэдэг донорыг “огт мэдэхгүй” гэж хариулжээ. Мөн судалгаанд хамрагдсан гурван оролцогчийн нэг нь сайн дурын авлагагүй цусны донорын талаар буруу мэдлэгтэй байдаг нь асуулгаар тодорчээ.

 

Манай улсын цус цусан бүтээгдэхүүний хэрэгцээ жилээс жилд нэмэгдсээр байна. Монгол Улсын хүн амын өвчлөл, нас баралтын шалтгааны дотор  хорт хавдар, осол гэмтэл эхний байруудыг  эзэлж, төрөлхийн болон олдмол цусны өвчний тохиолдол нэмэгдэх хандлагатай болжээ Мөн эхийн эндэгдлийн шалтгааны дотор цус алдалт үндсэн шалтгаан байсаар байгаа юм.

 

Манай улс 1994 оноос хойш сайн дурын авлагагүй цусны донорын тогтолцоонд шилжиж, 2000 онд сайн дурын авлагагүй донорын тогтолцоог хуульчлан баталгаажуулжээ. Цус сэлбэлт судлалын үндэсний төв улсын хэмжээнд цус цусан бүтээгдэхүүний хангамж, цус сэлбэлт судлалын төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа юм. 

 

Ямар ч бүлгийн цустай хүн цусны донор болох боломжтой. Гагцхүү та 18-аас дээш настай, 45-аас дээш кг жинтэй, эрүүл хүн байх шаардлагатай. Эдгээр шаардлагыг хангасан эрэгтэй хүн 2 сар тутамд, эмэгтэй хүн 3 сар тутамд цусаа бэлэглэх боломжтой аж. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин