Ром дахь Хойд Солонгосын Элчин сайд орогнол хүсчээ
2019-01-03

Италийн нийслэл Ром хотноо суух Хойд Солонгосын Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч 48 настай Жо Сон Гил гэгч тус улсаас орогнол хүссэн талаар эх сурвалжийн мэдээллээс иш татан "Ройтерс" агентлаг мэдээллээ. 

 

 

Италийн Засгийн газар эхний ээлжинд орогнол хүсээд буй Жогийн гэр бүлийг хамгаалалтад авч, аюулгүй газар байршуулжээ. 

 

Зарим эх сурвалжууд "Элчин сайд гэр бүлийнхээ хамтаар Өмнөд Солонгост очих хүсэлтэй байгаа" гэж мэдэгдэв. Гэхдээ уг мэдээллийг албаныхан батлаагүй байна. 

 

Өмнөд Солонгосын Хөх ордон, Тагнуулын байгууллага дээрх мэдээллээр албан ёсны тайлбар хийгээгүй аж. 

 

Жо гэр бүлийнхээ хамтаар 2015 оны тавдугаар сард Ром хотноо ирсэн ба саяхан түүнийг Хойд Солонгос руу буцаж ирэхийг эрх баригчид нь шаарджээ. Уг үйл явдлын дараа тэрбээр Италиас орогнол хүссэн гэнэ.

 

Хойд Солонгос улс 2017 оны есдүгээр сард зургаа дахь удаагаа цөмийн туршилт хийсэн. Уг туршилтын дараахан Италийн эрх баригчид Пхеньяны эсрэг хориг тавихаас гадна Элчин сайд Мун Жон Намыг улсаасаа албадан гаргасан юм. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин